Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Бие биеэ дэмжиж, эх орондоо бүтээцгээе
XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн Шинийн нэгний өглөө наран ургахтай зэрэгцэн Төрийн гурван өндөрлөг Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл Есөн хөлт цагаан тугандаа мөргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд төрийн золголт хийлээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ахмад настны төлөөлөл 10 буурайг хүндэтгэн золгосон юм. Төрийн ордноо уригдсан азай буурлуудаас хамгийн ахмад нь 1908 онд Архангай аймагт төрсөн, өдгөө 106 нас сүүдэр зооглож буй Гомбожавын Нанжид гуай байлаа. Тэгш 100 насны босго алхаж буй Сандагийн Сүрьяа гуай хамгийн ахмад эрэгтэй нь байв.
Баянхонгор аймгийн харъяат Сүндэвийн Шижээ, ахмад дайчин Лувсанцэрэнгийн Халзан, Увс аймгийн харъяат Кузаан Дүүдээ, Ш.Түмэнхүү, Дундговь аймгийн харъяат Насангийн Өвөг, Сүхбаатар аймгийн харъяат Дагдангийн Дарьмаа, Архангай аймгийн харъяат Гомбын Цэрэндулам, Завхан аймгийн харъяат Дондовын Жавзан нарын 90-ээс дээш настнууд монгол түмний ахмад буурлын төлөөлөл болж Төрийн ордноо уригдсан байна.