Эдийн засагчид дөрөвдүгээр сард чуулна
Монголын эдийн засгийн чуулган жил бүрийн гуравдугаар сард болдог. Тэгвэл энэ жилийн эдийн засгийн чуулга уулзалтыг дөрөвдүгээр сарын 2-3-нд зохион байгуулахаар болжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг чуулганы бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгажээ. Монголын эдийн засгийн чуулганаар улс төр, эдийн засаг, бизнесийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид нэг дор цуглаж, улсын эдийн засгийн хөгжлийн гарцыг тал бүрээс нь ярилцдаг билээ. Анх 2011 онд зохион байгуулагдсан уг чуулга уулзалт нь эдүгээ Монголын эдийн засгийн нөхцөл байдал болон олон улсын эдийн засгийн чиг хандлага, хөгжлийн ирээдүй, төлөвлөлтийг ярьж, хэлэлцдэг Монголын хамгийн том чуулган болоод байгаа юм.