Бага мөнгөн дэвсгэртийн зарим нууцлалыг хасчээ
Сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэртүүд их гарч байна. Зарим хуурамч дэвсгэрт банкнаас хүртэл гарчээ. Гэтэл Монгол банкны зүгээс энэ байдал харьцангуй багасч байгаа гэсэн тайлбарыг өгсөн байна. Цагаан сарын өмнөхөн жижиг мөнгөн тэмдэгт хуурамчаар их гарсан талаар иргэдийн дунд яриа өрнөсөн аж. Гэтэл эдгээр нь хуурамч биш, харин зарим жижиг мөнгөн дэвсгэртийн нууцлалыг хассан гэнэ.
Энэ талаар Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын дарга П.Сүхбаатар “Олон улсын жишигт бага мөнгөн дэвсгэртэд манайх шиг тийм их нууцлал байхгүй. Тиймээс манай улсын мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэгч компани бага мөнгөн дэвсгэрт өндөр өртөгтэй, бас цаг хугацаа ихээр зарцуулж байна. Тиймээс бага мөнгөн дэвсгэртийн нууцлалыг хасах санал ирүүлсэн учраас зарим нууцлалыг хассан. Өнгөрсөн оны сүүлчээр бага мөнгөн дэвсгэртийн нөөц дууссан учраас бага хэмжээгээр хэвлүүлсэн. Тодруулбал 2014 оны сүүлээр шинэ дэвсгэрт хэвлүүлэхдээ нэг, тав, аравтын хорьтын дэвсгэртийн усан хээ буюу Чингис хааны далд хөрөг, товгор хээ, ялтсан утас зэрэг нууцлалыг хассан. Бусад нууцлал хэвээрээ” гэжээ.
Гэвч зарим иргэд үүнд ихээхэн дургүйцэж байгаа билээ. Улсын хамгийн өндөр нууцлалтай байх мөнгөн дэвсгэртийн нууцлалыг арилгаснаар бага тоотой ч гэсэн хуурамчаар үйлдэх байдал газар авах биш үү гэсэн болгоомжлол байгаа юм.