Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.02.16- 2015.02.23/
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Хямралын эргүүлгээс тодорхой бодлого, хөтөлбөргүйгээр гарах боломжгүй
Эдийн засгийн салбарын энэхүү хүндрэл банк, санхүүгийн салбарт ч нөлөөллөө үзүүлж, хугацаа хэтэрсэн зээл дөрөв дахин, чанаргүй зээл хоёр дахин өссөн. Иргэдийн зээл, улсын өр, аж ахуйн нэгжүүдийн өглөг, авлагын гинжин сүлжээ тэлж томорлоо.
Хүн бүрийн амьдралд сүүдрээ тусгасан хямрал, хүндрэлийг хамтдаа давж гарахын тулд, улсаараа урагшлахын төлөө Шийдлийн Засгийн газрат орсноо онцлон дурдъя. /Монголын үнэн 2015.02.16 №031/
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон: Өр төлөх чадамжтай байхын тулд одооноос хичээж ажиллах хэрэгтэй
Эдийн засгийг сайжруулахад шаардлагатай арга хэмжээг авч цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой гэдгийг төр түшиж буй эрхмүүд ойлгосон байна. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр эерэг өөрчлөлт харагдсан. Мөн болгомжтой хандах ёстой зүйлүүд бий. Төсвийн алдагдлыг бууруулахдаа ямар арга хэрэгсэл ашиглах, мөн мөнгөний бодлогыг хэрхэн авч явах, тухайлбал, хэт их мөнгө зах зээлд оруулснаар ямар сөрөг үр дагавар авчирч болох вэ гэдгийг бодох ёстой. Өнгөрсөн цөөн жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж буурсан гэдэг нь үнэн юм. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчийн нүдээр өөрсдийн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж чадвал таатай орчин бүрдүүлж чадах байх. /Өнөөдөр 2015.02.16 №041,042/
Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгальмаа: Данс нээлгэснээр хувьцаа буюу хөрөнгөө баталгаажуулж байгаа гэсэн үг
Эрдэнэс-Тавантолгой компанийн 1072 ширхэг хувьцаагаа иргэн бүр эзэмшиж байгаа. Нэрлэсэн үнэ одоогоор зарлаагүй байгаа шүү дээ. Нэг сая төгрөгтэй дүйцүүлээд 1072 ширхэг хувьцаа олгочихсон байгаа. Тэгвэл Хөрөнгийн биржээр дамжуулж анхдагч зах зээлд арилжаанд оролцож, нэрлэсэн үнэ 1000 төгрөг гээд гүйлгээд оруулж болох юм. /Үндэсний шуудан 2015.02.16 №031/