Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.02.04- 2015.02.09/
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Төр эдийн засгийг тогтворжуулах, эрүүлжүүлэх үүрэгтэй
Бондын санхүүжилтээр хийгдсэн төслүүдийн үр дүнг тооцож үзэх нь мэдээж зөв. Өнөөгийн хөгжилтэй орнууд бүгд л Засгийн газар нь өөрөө олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгож чанартай дэд бүтцийг борлуулж байж хөгжсөн байгаа. Дэлхий даяараа хямралтай энэ үед улс орнууд татвар, бизнесийн таатай орчин бүрдүүлж хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөж байна. Төр Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг бий болгох болон далд эдийн засгийг ил гаргаж эрүүлжүүлэх зохицуулалтыг хуульд заасны дагуу хийх үүрэгтэй байх аа. /Улс төрийн тойм 2015:02.04 №022/
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Эдийн засаг санхүүгийн асуудалд өргөн хүрээтэй хандах ёстой
Эдийн засгийг ил болгох, далд эдийн засагтай тэмцэх асуудалд Шинэчлэлийн засгийн газар анхаарал хандуулж хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Эдийн засаг санхүүгийн асуудалд өргөн хүрээтэй хандах ёстой. Төсөв асар олон үзүүлэлтийн уялдаан дээр тогтдог. Маш явц хүрээнд л хараад байна. /Ардчилал 2015:02.05 №22/
Монголын хөрөнгийн биржийн газрын дарга Ж.Мягмарсүрэн: Ногдол ашгаа шүүлгэж баталгаажуулаад арилжааны банкнаас авна
Хувьцаа эзэмшигч ногдол ашгаа авахын тулд шүүлгэж баталгаажуулаад арилжааны банкнаас авах боломжтой. Тэгэхээр тухайн өдөр авч болохгүй, учир нь арилжааны банк хаалттай байх болов уу. Харин хөрөнгийн бирж, брокер диллерийн компани, Төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс авах шаардлагатай бичиг баримтыг нэг дороос авч болно.
/Зууны мэдээ 2015:02.04 №23/
Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал О.Банзрагч: Найман хувийн зээлийг зогсоох нь утааны өмнө гар өргөсөнтэй адил
Банкууд зээлээ хязгаарлаж байгаа нь үнэн. Харин зогсоосон юм байхгүй. Энэ хязгаарлалт нь эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, ирээдүйд учирч болох эрсдэлийг тооцосн шийдвэр. Мэдээж, зөвхөн банкны салбарын эрх ашиг биш шүү дээ.
Борлуулалттай учраас найман хувийн зээлийг урьдын адил хэвийн олгож байгаа. Бэлэн болчихсон байрууд олон байна. Найман хувийн зээлийн нийгмийн ач холбогдол асар их. Зээлтэй хүн зээлээ төлөхийн тулд өглөө ажилдаа явах хэрэгтэй, их цалин авахын тулд илүү хөдөлмөрлөх ёстой. /Үндэсний шуудан 2015:02.05 №024/
Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцтэгэх захирал Б.Лхагвасүрэн: Бид бодлогын алдаа гаргасан, үүнийгээ засъя гэхээр улс төр болгочихоод л чадахгүй байна
Монгол улс хямарчихсан, хямрал гүнзийрч байгаа гэдэгтэй санал нийлдэггүй. Дэлхийн нийтэд аливаа улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсдөггүй, дандаа бууралттай байх үед хямралтай байна гэж тодорхойлдог. Манай хоёр хөрш ОХУ, Хятад, Америк цаашлаад Европын эдийн засаг ч өсөлттэй байгаа. Тэгэхээр манай улс дэлхий нийтээс буруу чигт явж, буруу шийдвэр гаргаад байгаа болохоор байдал ийм байна. Дүгнээд хэлбэл, манай дотоодын эдийн засгийн хямрал бол бодлогын алдаанаас үүдэлтэй.
/Үндэсний шуудан 2015:02.09 №042/
Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв ТББ”ын тэргүүн Э.Алтаншагай: Иргэд Эрдэнэс Тавантолгойн хувьцаагаа авахгүй бол Ли,Жон овогтнуудад л зарна гэсэн үг
Тэгхээр хувьцаагаа авахын тулд иргэд манай байгууллага болон бусад брокер, диллерийн компаниуд хандаж болно. Монголчууд эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэдэг. Үүн шиг мэдлэг мэдээлэлгүйгээс болж иргэдийн эрх зөрчигддөг юм. Иргэд хөрөнгийн биржээр тэр бүр үйлчлүүлэхгүй байгаатай холбоотой. Учир нь үнэт цаас, хувьцааны талаарх мэдлэг мэдээлэл хомс байгаа юм. Өнөөдөр хувьцааны талаар анхан шатны мэдлэгтэй болж тав, 10 сая төгрөгийнхөө учрыг олж байга иргэн гарч ирж л байна.
/ Ардчилал 2015:02.09 №24,25/