ЦДҮС ТӨХК “ИХ ТОЙРОГ” төслийн тухай
Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээг 60 гаруй хувь нь 30-аас дээш жил ашиглагдсан 220 кВ-ын 2 дэд станц, 110 кВ-ын 14 дэд станц, хоёр хэлхээт 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамаар хангаж байна. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдтай холбоотойгоор цахилгаан ачаалал жилд дундажаар 20-30 МВт-аар буюу жилд нэг шинэ дэд станц барих хэмжээгээр өсөж байна. Ийм ч учраас одоо байгаа 110 кВ-ын дэд станцууд бүгд 70-90%-иар ачаалагдаж байгаа бөгөөд техникийн нөхцлийг олгохгүй хязгаарлахад хүрээд байна.
Нөгөө талаас “Нийслэлийн агаарын бохирдол” нь гамшгийн хэмжээнд хүрч, нийслэлийн төдийгүй Монгол улсын тулгамдсан асуудлын нэг болсон учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар энэ чиглэлд онцгой анхаарал хандуулан үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийг санаачилан батлуулж, ерөнхийлөгчийн дэргэд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-г байгуулж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр”-ыг баталж, Нийслэлийн хот төлөвлөлтийг сайжруулах, “100000 айлын төсөл хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг түргэсгэх, агаарын бохирдлын хязгаарлалтын бүсийг тогтоож, цахилгаанаар халаах зэрэг томоохон шийдвэрүүдийг гаргаад хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал энэ ажлын хүрээнд өвлийн улиралд хязгаарлалтын бүсэд байгаа тодорхой айл өрхүүдийг цахилгаанаар халаах ажлыг өрнүүлэхэд хотын хойд хэсэгт байрладаг 110 кВ-ын Сэлбэ, Умард дэд станцууд их ачааллын цагуудад трансформаторууд хэт ачаалагдаж, хязгаарлалт хийхэд хүрч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Монгол Улсын Засгийн Газраас онцгой анхаарал хандуулан Монгол улсынхаа нийслэлийг агаарын бохирдолгүй, цэвэр цэмцгэр, зөв төлөвлөлттэй, дэлхийн жишигт хүрсэн хот болох суурийг тавьж байгаа төсөл бол “Их тойрог” төсөл юм.
“Их тойрог” төслийг амжилттай зохион байгуулах зорилгоор дараах байдлаар 6 төсөл болгон ангилан багцалж барилга угсралтын ажил явагдаж байна.Үүнд:
Төсөл 1. Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 МВА дэд станц, 220 кВ-ын 2 хэлхээт, 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл, барилга угсралт
Төсөл 2. Баянгол 110/35/10 кВ-ын 2х40 МВА дэд станц, Сонгино дэд станцаас энэ дэд станц хүртэлх 110 кВ-ын 2 хэлхээт, 22 км ЦДАШ-ын барилга угсралт
Төсөл 3. 220 кВ-ын Улаанбаатар дэд станцаас 14-р хорооллын дэд станц хүртэлх 110 кВ-ын 9,7 км, хоёр хэлхээт ЦДАШ-ын барилга угсралт
Төсөл 4. 110 кВ-ын Баянгол дэд станцаас 110 кВ-ын Радио телевиз дэд станц хүртэлх 110 кВ-ын 24 км, хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл, барилга угсралт
Төсөл 5. 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км, хоёр хэлхээт ЦДАШ -ын ажлын зураг төсөл, барилга угсралт
Төсөл 6. Зайсан 110/35/10 кВ-ын 2x40 МВА дэд станц, энэ дэд станцаас 14-р хорооллын дэд станцын 110 кВ-ын ЦДАШ хүртэлх 110 кВ-ын 2 км, хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл, барилга угсралт.