Эдийн засгийн зөв, буруу сонголт
Өнгөрөгч долоо хоногт манай улстөрчид “сэрүүн зүүд”-нээсээ сэрлээ. Төсвөө баталсан даруйдаа тодотгож түүхэн “амжилт” тогтоосон тэд 2015 оны улсын төсвийг 900 гаруй тэрбумаар танах, орлого, зарлагыг тэнцүүлэх нөр их ажилдаа бие сэтгэлээ чилээсэн хэрэг. Гэвч бодит амьдрал дээр танаж сүйд болоод байгаа тэр мөнгө нь эдийн засагт байхгүй нь харамсалтай. Зүгээр л “мөрөөдөж” тавьсан тоогоо эргэж засах гэж сэрүүн зүүдэлж явсныгаа л эргэж харсан хэрэг юм.
Үүнийг нэг л их ажил хийсэн аятай сурталчилж, байнгын хорооны хуралдаанаар шөнө оройгүй авч хэлэлцсэн нь хачирхмаар. Ухаандаа бол байхгүй тоо тавьсныгаа л баллуурдаж арилгах ажилд хоёр ч долоо хоног зарцуулах гэж буй хэрэг. Үүнээс гадна 2015 онд бид хэрхэх вэ, ямар замаар урагшлах вэ гэдэг асуудлаар УИХ-ын гишүүд, Засгийн газар, Монголбанк, Сангийн сайдтайгаа хамт сэтгэлээ чилээж, энэ талаар нэлээд олон асуудал шийдсэн нь харин энэ долоо хоногийн хамгийн гэрэлтэй мэдээ болж байна.
Өөрөөр хэлбэл, энэ сарын 13-нд хуралдсан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гурван заалт бүхий дүгнэлт гаргаж Засгийн газар, УИХ-д хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжөөс хамгийн анхаарал татсан хэсэг нь эдийн засгийн хэллэгээр Макро бодлогын өөрчлөлтийн нэгдсэн төлөвлөгөө /CMAP/ буюу энгийнээр тайлбарлавал 2015-2016 онд эдийн засгийн ямар сонголтыг хийвэл бид хүндрэлтэй байдлаас гарч чадах вэ гэсэн ерөнхий төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөөнд эрх баригч болон сөрөг хүчний дэвшүүлсэн саналыг ч тусгаж зөв, буруу сонголт хэмээн ангилсан аж.
Зөв сонголтод улс төрийн намууд нэгдэв
Макро бодлогын өөрчлөлтийн нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд дөрвөн сонголтыг дэвшүүлжээ. Буруу сонголт, Завсрын 1, 2, зөв сонголт гэсэн сонголт бий. Эндээс улстөрчид, Засгийн газар нэг сигналтай байхын тулд 2015 оны төсвөө танаж 2014 оны төвшинд байлгах буюу дээр хэлсэнчлэн хөөсрүүлсэн төсвөө 900 гаруй тэрбумаар танах ажлыг хийх, төсвийн орлого зарлагыг харгалзан +18 хувь, +16 хувиар нэмэгдүүлэхээр баталсныг бууруулах явдлыг нэн тэргүүнд хийх аж. Мөн өдгөө 800 сая ам.долларын хэмжээнд байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг даруй гурав дахин нэмэгдүүлж 2-2.5 тэрбумд хүргэхэд санал нэгдэх учиртай.
Ингэхийн тулд улстөрчид Оюутогойг ямар ч байдлаар байсан энэ онд урагшаа явуулах нь зөв гэж үзэж байгаа гэнэ. Хэн хариуцлага хүлээх нь гол биш. Хэсэг бүлгийн улстөржилт, популистуудын тээг садааг үл тоон энэ ордын хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлэхгүй бол бидэнд ямар ч ирээдүй харагдахгүй байгаа юм. Оюутолгой Монголын эдийн засаг хөдлөх хоёр гол урсгал дээр “хавх” тавьчихсан.
Ойд төөрсөн энэ ард түмэн Хятадын Засгийн газрыг түших, эсвэл бидэнд гуйж мөргөн, тохирох гэсэн хоёрхон зам байгаа гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас аль алийг нь өөрийн талд ашигтай шийдүүлэхээр улайрч байна. Тиймээс тавьсан хавханд нь гэмтэл их авахгүй орчихоод, дараа нь эвтэйхэн мултрах арга чаргыг л эрэх ёстой хэмээн санал нэгдсэн гэх. Цаашлаад гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тэрбум ам.долларын орох урсгалыг нээх буюу өрийн таацаа өндөрсгөхөд намууд нэгдэж эхэлжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Монгол Улсын гаднаас авах өр, зээл ДНБ-ий 40 хувьтай тэнцэх учиртай. Харамсалтай нь одоо хуулиа зөрчөөд 55.2 хувьд хүрчихээд байгаа юм. Энэ тоог хуульд нийцүүлэхийн тулд хуулиа өөрчлөх шаардлага байгаа ч сөрөг хүчин гэж байсан МАН-ын улстөржилт төслийг унагаж хуулиа зөрчсөн хэвээр цаашлах болоод байгаа юм. Тэгвэл энэ гацаанаас гарахаар Засгийн газар өчигдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дахин өргөн мэдүүллээ.
Энэ хүрээнд өрийн таацыг 60 болгож хуульдаа нийцүүлэх юм байна. Намуудын ойлголцол нэг цэгт очвол энэ асуудал баасан гарагийн чуулганаар дэмжлэг авах магадлал бий болчихлоо. Дээр дурьдсан зөв сонголтуудыг хийж өрийн таацыг 70 хүртэл нэмэгдүүлснээр 2015 онд суурь хүндрэлээс сугарахгүй юм гэхэд ядахдаа “амь тариа” залгуулж чадах юм. Ханшийн огцом сулрал байхгүй болж ам.доллар тогтвортой төвшинд буюу 1600-1700-д байна. ДНБ-ий бодит өсөлт 5-6 хувьд хүрэх, эдийн засаг агшихгүй байж 10 хувь хүртэл сэргэнэ.
Цаашлаад хувийн хэвшилд ирэх дарамт багасч, санхүүгийн салбар тогтворжино. Улсын зээлжих зэрэглэл ч өснө гэсэн дүгнэлтэд Засгийн газар, УИХ хүрсэн бололтой. Энэ талаар УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанаар хаалттай мэдээлэл сонсч, хөрөнгө оруулалтаа нэмэхгүйгээр, Оюутолгойгоо урагшлуулахгүйгээр явахгүй юм байна. Мөн зээл авч амь тариа хийхээс өөр эдийн засгаа бид аврахгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Буруу сонголт буюу гараа хумхиад тусламж хүсье
Энэ сонголтыг хийх шиг амархан зүйл үгүй. Олон улсын валютын сан /ОУВС/-аас тусламж хүсч валют авах хувилбар. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хямралаас гарахын тулд шинээр дугуй зохион бүтээх шаардлагагүй” хэмээн ярьжээ. Түүнтэй санал нэг байгаа хүмүүс сөрөг хүчинд ч, олонхид ч, бие даагчдын дунд ч олон бий. Хямралаас гарахын тулд бид шинээр ямар нэг зүйл зохион бүтээх шаардлага байхгүй.
Хүндрэл үүсэх шалтгаанаа л зөв оношилж, гарцыг зоригтойгоор хийх асуудал л байгаа юм. Гэхдээ л зээл үү, тусламж уу гэдгээ сонгох нь. Өрийн таацаа нэмэхгүйгээр хямралаас гарах талаар яриа нь ОУВС-аас тусламж хүсэх буюу “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж хямралаас гарах явдал гэнэ. Харин үр дүнг нь тэд тооцоолохгүй. Валютын орох урсгал нэмэгдэж л байвал гарах үр дагавар сонин биш.
Зээл авахаас тусламж хүсэхийг илүүд үзэж байгаа хэрэг. Хэрвээ энэ сонголтыг хийвэл төсвийн орлогоо 1.4 их наядаар танах, өрийн таац адилхан л 64 хувьд хүрнэ. С.Бямбацогт нарын гишүүд үүнийг л өрөө нэмэхгүйгээр хямралаас гарах хэмээн тодорхойлоод байгаа хэрэг. Ханш улам суларч, 2015 онд доллар дунджаар 2060-д хүрнэ. Санхүүгийн тогтворгүй байдал, аж ахуйн нэгжийн дарамт, мөнгөний бодлогыг огцом хатууруулж одоо байгаагаасаа ч дордох нөхцөл байдал үүснэ. Эдийн засгаа агшааж, ажилгүйдлийн төвшин нэмэгдэнэ гээд дурьдаад байвал маш олон сөрөг талтай.
“Стэнд бай” хөтөлбөрийг 2008-2009 оны хямралын үед 42 орон ашиглаж байжээ. Одоо бол Иордан, Туннис, Румын, Украйн, Гүрж зэрэг дотоод эдийн засаг нь улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн хямарч, эдийн засаг нь эцэстээ хүрчихээд байгаа зургаан улс энэхүү хөтөлбөрийг ашиглаж байгаа. Ямар ч улс өөрөө өөрийн үнэ цэнээр урагшлах нь илүү ашигтай. Байгаа юмаа барьцаалаад ч болов зээл аван хөгжихийг чухалчилдаг.
Тэр ч утгаараа дайн байлдаантай, эдийн засаг нь тартагтай тулчихаагүй Монгол Улс тусламжийг бус зээл аван хөгжих гарцаа зөв тодорхойлмоор байна. Бидэнд уул уурхайн асар их баялаг бий. Үүн дээрээ түшиглэн хөгжих боломж байна гэдгийг дэлхий дахин судалчихсан учраас бидэнд мөнгө өгье, бүтээгдэхүүнээ зах зээлд гарах ажил хий, үйлдвэрээ барь хэмээн шахаж байна.
Зээл өгөх хүмүүс нь итгээд, өгөх гээд байхад авахгүй хэмээн өөрсдийнхөө гарыг хүлж байгаагаас өөрцгүй асуудал өнөөгийн төр, засагт үүсчихээд байна. Ямартай ч бид “чөтгөрийн тойрог”-оос хэрхэн гарах вэ гэдэг энэ хөтөлбөрөөр зөв тодорхойлж сонголтоо хийж чадвал 2015 онд ард түмнийхээ халаасыг ухалгүйгээр аж үйлдвэрийн салбараа хөл дээр нь босгоод авах амь тариатай болох нь ээ.