Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.05- 2015.01.12/
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол улс хариуцлагатай, бүтээгч улс болох ёстой
Хоёр үндсэн асуудалд олны анхаарлыг хандуулахыг хичээсэн. Нэг. Эдийн засгаа яаж өсгөх вэ? Хоёр. Төрөө яаж засах вэ? Би энэ хоёр асуудлын түлхүүрийг олсон гэж бодож байгаа. Нэг.Эдийн засгаа өөд татахын тулд эхлээд бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Хоёр. Төрөө засахын тулд эхлээд бид төрд хариуцлагыг авч ирэх хэрэгтэй. Шийдэл мэдээжийн, энгийн сонсогдож байгаа байх. Гэвч үйл явц амаргүй байх болно. Монголын төрд одоогоор хамгийн дутагдаж байгаа, хамгийн хэрэгтэй байгаа тэр зүйл бол хариуцлага.
/Ардчилал 2015.01.12 №05/
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: ДНБ-ий 55 хувьд хүрсэн, цаашид өсөх магадлалтай
Өрийн хувьд нэлээд хэд хэдэн хүчин зүйлүүдийн нөлөөллөөс шалтгаалж ДНБ-ий 55 хувьд хүрсэн байна. Цаашид энэ хувьд өсөх магадлал бий. Учир нь одоогийн боловсруулж өргөн барьсан Төсвийн тухай хууль алдагдалтай батлагдаж байгаа.
/ Зууны мэдээ 2015.01.05 №1/
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Хатуу боловч дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого барина
Хамгийни эхний хийх ажил бол дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдээ дэмжих алхмуудыг бодитойгоор хийнэ. Монголд юу хийж чаддаг, түнийхээ импортын татварын асуудлыг цэгцэлнэ. Аж үйлдвэрийн яаман дээр экспорт, импорт, худалдааны асуудлаар чиг үүрэг өгсөн. Аж үйлдвэрийн яаман үйлдвэртэй холбоотой бүх стандарт холбоотой болж байгаа. Энэ чиглэлээр судалгаануудыг явуулна.
/ Зууны мэдээ 2015.01.05 №1/
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа: Өрийн таазыг нэмэгдүүлье гэдэг зүйл яриагүй
Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэдэг дээр хувь гишүүний хувьд хатуу байр суурьтай байгаа. Угаасаа хоёр нам хамтарч засагт орж ажиллахад зөвшилцлийн гэрээ байгуулахдаа өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гээд цагаан цаасан дээр хараар тов тодорхой биччихсэн. Өрийн таазыг нэмэгдүүлнэ гэх юм бол наад зах нь ард түмнийг, Монголын төрийг хуурсан хэрэг болно.
/Өдрийн сонин 2015.01.06 №002/
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Татвар нэмж, нийгмийн хамгааллын бодлогоосоо татгалзсанаар эдийн засгийн хямралаас гарахгүй
Би дан ганц хэмнэлт гэхээсээ илүүтэйгээр энэ хямралаас эдийн засгаа тэлж гарах ёстой. 2015 онд эдийн засаг долоон хувь өснө гэсэн. Дээр хэлсэн бусад өсөлтүүдийг яг хаанаас хийх гээд байна.
Өрийн босго анхдагч асуудал биш. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтийг яаж хангах юм. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг хангахад ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэсэн асуудал байна.
/ Өдрийн сонин 2015.01.12 №007/
УИХ-ын гишүүн М.Батчимэг: Нийт өрхийн 70-80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгон
Ерөнхийдөө Монгол улс 2013 оныг хүртэл буюу эдийн засгийн өсөлт өндөр байх үед зарим талаар хэт цамаан гэхээр зардал гаргаж байсан. Ялангуяа төрийн зарим нэг үрэлгэн зардал маш их өссөн нь эргээд эдийн засаг ачааллаа даахгүй болоход хүргэсэн гэдэг дүгнэлтийг Засгийн газар, УИХ-ын төвшинд гаргаж байна.
Алдарт эхийн одонтой эхчүүдийн мөнгийг тодорхой заагтай өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.
/Монголын үнэн 2015.01.07 №003/
Эдийн засагч, шинжээч судлаач Ч.Анхбаяр: Зээл авсан иргэдийн төлсөн нэг хувийг буцаан олгох боломжгүй байх
Арилжааны банкуудын авч байгаа шимтгэл нэг хувь байх үгүй нь эргэлзээтэй байдаг. Яахав тухайн банк дотроо олон салбартай учраас зардлаа үйл ажиллагааны хөлсөнд шингээгээд нэг хувь болдог гэж байгаа бол миний бодлоор нэг хувь биш зээлийнхээ дүнгээр ярих ёстой. Ер нь зээл авсан иргэдийн төлсөн шимтгэлийг буцааж олгоно гэдэг боломжгүй байх. Энэ шимтгэлээ банк өөрөө орлого гээд бүртгэсэн байдаг.
/ Монголын үнэн 2015.01.08 №004/
Эдийн засагч Х.Батсуурь: Өрийн тааз нь үлгэр юм бол Дэлхийн банкиндаа очиж хэл
Шийдвэр гаргагчид, биднийг төлөөлж буй намчирхсан эдийн засагчдын тайлбарыг авч үзвэл гадаадын хөрөнгө оруулалт гэж үздэг. Ийм буруу ойлголтыг олон нийтэд өгч байна. Эдийн засаг нь гадаадын хөрөнгө оруулалтаас хамаатай байх ёстой юм шиг, гадаадын хөрөнгө оруулалтгүй л бол улс орон хөгжихгүй юм шиг сэтгэхүйг бий болгоод байгаа нь маш харамсалтай. Бидэнд асар их өрийн дарамт байна. Ер нь Хөгжлийн банк, Чингис, Самурай бондын гурван том зээл бий. Зөвхөн энэ гурван зээл л гэхэд манай улс жилд 120 сая ам.долларын зээлийн хүү хариуцна.
/Зууны мэдээ 2015.01.07 №3/
МУИС-ын эдийн засгийн сургуулийн танхимийн эрхлэгч Б.Алтанцэцэг: Эдийн засаг эхний хагас жилд хүнд байна
Эхний хагас жилдээ тааруухан байх болов уу. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хямрал цааш үргэлжлэх нь хүмүүсийг улам хэцүү байдалд оруулна. Онолоор авч үзвэл ийм хүнд үед сангийн зөөлөн бодлого баримтлах ёстой. Гэвч тэгэхгүй байгаа нь харамсалтай.
/Зууны мэдээ 2015.01.08 №4/