Элгээрээ хэвтсэн эдийн засаг энэ онд сэргэх үү

2015 оны 1 сарын 06

Өнгөрсөн 2014 оныг хүн бүхэн л “Эдийн засаг хүндэрлээ, амьдрал доройтож байна” гэсээр үдэж 2015 онтой золголоо. Харин өнөө амьжиргааны төвшин нь доройтоод буй иргэдийн амьдрал баярын хэд хоногт эрс сайжирсан мэт байв.

Орсон айл бүр л оргилуун дарс, амтат бялуу, чихэр, жимсийг алаглуулан өрж, цагаан сараас ч дутахааргүй бууз, баншаар дайлж байлаа. Он гарсаар олон хоног амарч буй иргэд баярын сэтгэлгээнээсээ хараахан гараагүй байна. Харин цаашид тэдний олонхийнх нь амьдрал улам хүндрэх нь тодорхой. Учир нь, манай монголчууд аливаа баяр ёслолыг элбэг хангалуун өнгөрөөдөг зуршилтай. Тиймээс ч шинэ жилийн баярыг найз нөхөд, ахан дүүс, албан байгууллагаараа тэмдэглэн өнгөрүүлэхдээ хэн нь ч хэнээсээ дутахгүйг хичээж, хадгаламжаа “сэгсрээд” зогсохгүй зарим нэг нь цалингийн, банкны зээл авсан гэх. Түүгээрээ бэлтгэсэн хүнсээ ойрын хэд хоногтоо хэрэглэж, элбэг хангалуун байгаа ч “дуусна” гэж нэг юм бий. Өнөөдөр ажлын эхний өдөр болж байна. Харин олон хоног амарч найралсан хүмүүст унааны мөнгө үлдсэн болов уу. Цалингийн урьдчилгаа, мөн ямар нэгэн зээл авсан иргэд нэг хэсэгтээ л толгой өргөхгүй нь лавтай. Тэгж байтал Цагаан сар гэж нэг том даваа бий. Шинэ жилийн баярт хамгаа зориулсан иргэд эцсийн хүчээ шавхан байж үндэсний баяраа бас л элбэг хангалуун өнгөрүүлэх байх. Гэвч хаврын тарчиг цагийг яаж шүү давна даа. Энэ байдлаараа өнөө жил айл өрхийн эдийн засаг их л хүндхэн байх төлөвтэй байна. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2014 оны оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Тэд эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм. Ерөнхий сайд өнгөрсөн он эдийн засгийн хувьд хүнд жил байсныг онцлоод энэ хүндрэлээс бүх төвшинд хамтран ажиллаж байж гарна гэдгийг хэлсэн. Мөн тэрбээр “Засгийн газраас бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Юуны түрүүнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өмчийн тухай хууль, Татварын багц хуулиудыг УИХ-аар батлуулахад онцгой анхаарна” гэсэн юм. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, бизнес эрхлэгчид хамтдаа туулж гарна. Ойрын зургаан сарын дотор хүндрэлийг даван туулах эхний алхмаа хийнэ. Баялаг бүтээгчдэд санхүү, эдийн засгийн эрх чөлөө өгч, бололцоо олговол бид эдийн засгийн хүндрэлээс гарах гол хүчин болж чадна” гэдгийг онцолсон. Үнэндээ эдийн засгийн өнөөгийн энэ хүндрэлээс гарах ганц гарц бол үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих юм. Энэ тухай өнгөрсөн жилүүдэд улс төрийн хүрээнд хурал, чуулган бүрт ярьсан хэдий ч бодит байдалд үндэсний үйлдвэрлэлийг ер дэмжээгүй гэхэд болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар буурлаа. Шинэ жилийн баярын үеэр улстөрчид зурагтаар мэндчилгээ дэвшүүлэх бүртээ л “Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн” хэмээн ярьж байна. Гэвч бодит байдалд экспорт хэчнээн нэмэгдсэн ч орлого нь өнгөрсөн 2013 оноос 40 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Ам.долларын ханш оны эхэнтэй харьцуулахад 200 гаруй төгрөгөөр өсч, 1900 төгрөгөөс давсан удаа бий. Харин өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 1890 орчим төгрөгтэй тэнцэж байна. Мөн өнгөрсөн онд инфляци Төв банкны зорилтот төвшингөөс давж 15 хүртэл хувьд хүрсэн бол өнөөгийн байдлаар 11.9 хувьтай байна. Энэ хэрээр гадаад валютын нөөц 1.3 тэрбум болтлоо буурсан тухай албаныхан хэлсэн. Монголбанкны мэдээнээс үзэхэд манай улсын урсгал дансны алдагдал багассан ч эдийн засагт хамгийн чухал үзүүлэлт болох гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 70 хувиар буурсан юм. Үүнийг “Улс төрийн тогтворгүй байдлаас болж гадаадын хөрөнгө оруулагчид зайгаа барьсантай шууд холбоотой” хэмээн эдийн засагчид үзсэн. Тиймээс хөрөнгө оруулагчдыг татах бодлого бүхий олон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан ч төдийлөн амжилт олж, эдийн засаг сэргэсэнгүй. Ямартай ч, уналтад ороод бүр элгээрээ хэвтээд буй эдийн засгийг энэ жил богино хугацаанд сэргээх талд олон талын арга хэмжээ авна гэдгээ Ерөнхий сайд хэлсэн. Тэрбээр Засгийн газрын тэргүүнээр сонгогдоод хэлсэн үгэндээ “Миний баримталж ажиллах гол зарчим бол нэгдүгээрт: эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг байх болно” хэмээн мэдэгдсэн юм. Үүнийхээ хүрээнд эдийн засагт хүндрэл учруулахуйц сул зардлыг үгүй болгож, олон жилийн турш тэлэлттэй явсан төсвийг танах, шаардлагагүй зарим байгууллагыг татан буулгаж, чиг үүрэг давхардсаныг нь нэгтгэх, орон тоог цөөлөх талаар мэдээлсэн. Тухайлбал, хавтгайруулан олгодог халамжийг цэгцлэх буюу эхийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгөний олголтод анхаарах, зөвхөн онц сурдаг оюутнуудад тэтгэлэг олгохоо зарласан. Түүнчлэн малчдаас малын хөлийн татвар авах нь эдийн засагт тустай гэдгийг онцолсон. Үүнийг нь “АН-ынхан эрх барьсан хугацаандаа улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихээд эцэст нь энгийн иргэдэд элдэв шахалт, дарамт үзүүлж байна” хэмээн дургүйцэх хүн олон байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Шинэчлэл”-ийн Засгийн газар зөвхөн 2013-2014 оны хооронд улсын төсвөөс гадуур “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн гурван их наяд, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 290 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны 162 сая ам. доллар зэрэг долоон их наяд орчим төгрөгийг зарцуулчихаад байгаа. Энэ бүгд Н.Алтанхуягийн хэлснээр “Бидний үр хүүхэд, хойч үеийнхний төлөх өр” болчихоод байгаа учир иргэд бухимдахгүй гээд ч яах билээ. Өнгөрсөн намар ОУВС, Дэлхийн банкнаас тогтоосон гадаад өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтээр Монгол Улсын гадаад өр сэрэмжлүүлэх түвшинд хүрснийг мэдэгдсэн байдаг. Гэвч байдал нэгэнт ийм дээрээ тулсан учир “Шийдлийн” гэх хамтарсан Засгийн газар эдийн засгийг сэргээх талд иргэдэд хүндрэл учруулалгүй даван туулах ажлыг зохион байгуулах нь чухал. Ямартай ч, эдийн засагт том нөлөө үзүүлэх Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулахаар болсон гаднын компаниудтай өнөөдөр хэлэлцээр хийхээр болсон. Тодруулбал, Өмнөговь аймгийн нутагт орших Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Монгол Улсын Засгийн газар төсөл хэрэгжүүлж, стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтыг явуулсан. Өнгөрсөн оны сүүлээр явуулсан сонгон шалгаруулалтад дөрвөн компани хүсэлтээ ирүүлснээр тус ордод олборлолт, тээвэрлэлт, боруулалтын үйл ажиллагааг нь хариуцсан стратегийн хөрөнгө оруулагчаар Хятадын төрийн өмчит “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци болон Монголын “Энержи Ресурс” тодорсон юм. Газрын хэвлийн дороо асар их нөөцтэй, сайн чанарын коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ажил өнөөдрөөс эхэлж буй аж. Ажлын хэсгийн гишүүд “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” зэрэг хэлэлцээрт баримтлах шалгуур үзүүлэлтээ тохирч, санал нэгдсэн байна. Тавантолгойн ордод эхний ээлжид дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ стратегийн хөрөнгө оруулагчид амалсан ажээ. Тиймээс эдгээр компанитай хийх гэрээ хэлэлцээр, цаашид хамтран ажиллаж буй байдал ч бусад хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байх нь гарцаагүй. Хамгийн чухал нь бид хөрөнгө оруулагчдыг дахин үргээчихгүйгээр өөртөө ашигтай гэрээг байгуулж, нүүрсээ аль болох өндөр үнээр борлуулж, эдийг засгаа сэргээх хэрэгтэй дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15119
0 эможи
keyboard_arrow_up