Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.16 - 2014.12.22/
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Зөв төлөвлөхгүй бол эдийн засаг хүссэнээр өсөхгүй байгааг бид харлаа
Харин энэ удаагийн хямралын үр үндсийг бид нэлээд хэдэн жилийн хугацаанд өөрсдөө бий болголоо. Дан ганц том төслийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг бэлнээр нь тараагаад, дутууг нь арилжааны зээлээр гүйцээх нь эдийн засгийн битгий хэл улс төрийн хүссэн үр дүн авчирдаггүйг өнгөрсөн сонгуулиуд харуулсан. Бонд зээл хичнээн босгосон ч, байдгаараа эдийн засгаа тэлэх гэж оролдсон ч, нөгөө гараа тайрвал, бодлогоо зөв гаргаж, үр өгөөжөө зөв төлөвлөхгүй бол эдийн засаг хүссэнээр өсөхгүй байгааг бид харлаа.
Өнөөдөр Монгол гэдэг энэ айлын маань халаас, түрүүвч нь хэр зузаан байна вэ? ДНБ оны үнээрээ 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 16,5 их наяд төгрөг байна. Уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарт 16 орчим хувийн өсөлт гарч, 2014 онд эдийн засгийн өсөлт 7 орчим хувьд хүрэхээр байгаа боловч, худалдаа болон барилгын салбар 5-10 хувиар унахаар байна.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Урто хугацааны хөнгөлөлттэй зээл рүү өрийн бүтцийг шилжүүлэх боломж хайх ёстой
Монголын эдийн засаг хүнд байгаа нь ард түмэнд хэдийнэ мэдрэгчдихсэн. Сангийн сайдын албан тушаалд томилогдоод төсвийн нөхцөл байдалтай танилцаж байна. Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор төсвийн байдал хүндэрчихлээ. Эдийн засагийн өсөлт таван хувьдаа хүрч байна уу үгүй юу гэх хэмжээнд байгаа юм. Бодит төлөвлөлтийг бий болгохын тулд нэг талдаа тэвчиж болох зардлуудаа зайлшгүй тэвчих, хасах хэрэгтэй.
/Өдрийн сонин 2014.12.17 №303/
УИХ-ын гишүүн А.Тлейхан: Засгийн газарт дотоодын бонд гаргахаас өөр сонголт алга
Одоогийн байдлаар, төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан. Товчхондоо, энэ бол Монгол Улс мөнгөгүй болсныг илтгэсэн үзүүлэлтүүд. Нэгэнт зарцуулсан хөрөнгийг бага зэрэг танаж, засч оруулж байгаа хэлбэр нь төсвийн тодотгол шүү дээ. Дээр нь төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барьсан хувийн хэвшлийнхний төлбөрийг өгч чадахгүй байна. Гэтэл бодит байдал дээр компаниудад олгох мөнгө Төрийн санд байхгүй байгаа юм. Тэгэхээр дотоодын бонд гаргаж, компаниудад мөнгийг нь өгөхөөс өөр сонголт байхгүй.
/ Монголын үнэн 2014.12.19 №246,247 /
2015 оны Монголын эдийн засаг: Эдийн засгийн өсөлт долоон хувь байх нь
Монгол улсын эдийн засгийн өсөлт 2011 оныхоос даруй арван хувиар уруудан, нэг оронтой тоо руу гарсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр оронтой тоогоор тэлсэн Монголын эдийн засаг төлбөрийн үлдэгдлийн дарамт, инфляцийн түвшин зэрэг асуудалтай тулгарч буйг Дэлхийн банкнаас сануулж байсан юм.
/ Өнөөдөр 2014.12.22 №296 /