АН,МАН хамтрах сургаар ам.долларын ханш буурч эхэллээ

2014 оны 12 сарын 01

Өнгөрөгч амралтын өдөр МАН-ын бага хурлын 2-р хурлаас АН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Ийнхүү улстөрийн голлох хоёр хүчин хамтарч төрийн эрхийг барих болсон нь гадаад ертөцөнд Монголын улстөр тогтворжих хандлагатай болсныг илтгэх сайн мессежийг хүргэж эхлээд байна. МАН, АН хоёр бол Монголын ард түмний хүсэл зорилго, түүхэн шаардлагаар бий болсон намууд. Тиймээс энэ хоёр нам хоорондоо учир зүйгээ олж явахаас улс орны хувь заяа ихээхэн хамааралтай байдгийг өнгөрөгч хугацаанд болсон үйл явдлууд тодорхой харуулна. Дээрхи хоёр нам анх удаа төрийн эрхийг хамтарч бариагүй. Өмнө нь 1990-1992 он, 2004-2006, 2008-2012 онд гурван ч удаа хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаж ирсэн туршлагатай. Ялангуяа сүүлийн хамтрал буюу 2008-2012 оны хамтарлыг гадаад, дотоодын шинжээчид хамгийн үр дүнтэй хамтарч ажилласан жилүүд гэж дүгнэдэг.

МАНАН-гийн засаг гэж сайн муугаар их дуудуулсан ч хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн төслийг хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг хэд дахин татаж эдийн засаг 2-3 дахин томорч чадсан байдаг. Харин 2012 оны сонгуулийн дараа АН ард түмний 40 орчим хувийн дэмжлэгийг авсан МАН-тай хамтрахын оронд 10 орчим хувийг дэмжлэгтэй “МАХН-МҮАН”-тай хамтарч Засгийн газар байгуулсан нь томоохон алдаа болсон юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “МАНАН-гийн Засгийн газар шиг сайн ажилласан засаг сүүлийн 24 жилд байгаагүй” гэж хэлсэн байдаг.

Улстөрийн голлох хүчнүүд хоёр талд гарч, бодлогын зөвшилцөл явахаа байж, эрх баригчид дур мэдэн их хэмжээний өр тавьж, мөнгөний зөөлөн бодлогыг явуулснаар эдийн засаг хямарч, хөрөнгө оруулалт багассан нь бодитой үр дүн юм. Мөн хэт их улстөржилтөөс улбаатай засагллын чадамжгүй байдал Монголд бий болж, төрийн эрх барих байгууллага шийдвэр гаргаж чадахгүй, Засгийн газар нь ард түмнийхээ итгэлийг хүлээхгүй хэмжээнд хүрсэн. Гэхдээ эцэстээ АН энэ бүх алдаандаа дүгнэлт хийж Засгийн газраа огцруулж, МАН-тай хамтрах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн юм.

Ийнхүү голлох хүчнүүд хамтарч ажиллах болсон нь маш хурдан хугацаанд эдийн засагт мэдрэгдэж эхэлж байгааг эх сурвалж онцолж байна. Тодруулбал манай улсад хөрөнгө оруулалт хийсэн томоохон компаниудын олон улс дахь үнэлгээний уналт зогсож тогтмолжих, өсөх хандлага бий болж эхлээд байна. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр 1903 төгрөгт хүрээд байсан валютын ханш амралтын өдрөөр 23 орчим төгрөгөөр суларчээ. Монгол банк хамгийн сүүлд өнгөрөгч пүрэв гарагт валютын дуудлага худалдаа зохион байгуулж 1897 төгрөгийн хаалтын ханштайгаар 15.7 сая ам.долларыг зах зээлд гаргасан. Энэ нь валютын ханшид төдийлөн нөлөө үзүүлэхүйц хэмжээний худалдаа биш ажээ. Тэртусмаа амралтын өдөр валютын ханш 20 төгрөгөөр суларч байгаа нь ихээхэн сонирхолтой үзэгдэл болжээ. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар голлох хоёр нам хамтрах сургаар эдийн засагт итгэх итгэл бага зэрэг сэргэж валютын хадгаламж буурч, төгрөгийн хадгаламж өсөх болсон нь ам.долларын ханш буурахад ийнхүү нөлөөлж байгаа гэнэ.

Мөн түүнчлэн манай улсад гадаадаас орж ирэх гадаад валютын урсгал идэвхжих найдлага төрж эхэлснийг салбарынхан онцолж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12990
0 эможи
keyboard_arrow_up