Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ
Хөдөлмөрийн зах зээл дээрх ур чадвартай ажилчдын эрэлт хэрэгцээ зохистой хангагдахгүй байгаа нь техник мэргэжлийн ур чадвартай ажилчид дутагдалтай, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх чадвар дутмаг байгаатай холбоотой. Иймээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээлийн зэрэлтэд зохистой нийцүүлэх шаардлагатай байна.
Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг төсөл нь хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцоог сайжруулах зорилготой.
Төслийн хүрээнд технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 30 ахлах сургууль байгуулж, тоног төхөөрөмжөөр, 20 мэргэжлийн сургалтын байгууллагыг сонгож, ажил мэргэжлийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр тус тус хангах бөгөөд мэргэжлийн боловсролын шинэ сургалтын хөтөлбөр, стандартууд боловсруулан хэрэгжүүлж, багш ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх юм.
“Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, Байнгын хороод хэлэлцээрүүдийн төслийг дэмжвэл Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар шийдвэрлэлээ.