Оросын “Сингапур”

2017 оны 9 сарын 08

Алс дорнодын хязгаар (АДХ) нь ОХУ-ын нутаг дэвсгэрийн гуравны нэгээс том ч, хүн амын дөнгөж 4.2 хувь буюу 6.2 сая нь оршин суудаг ажээ. Баруун Европоос том газар нутаг дээр Камчатка, Приморск ба Хабаровскийн хязгаар, Магаданы болон Сахалины муж, Еврейн өөртөө засах улс ба Чукоткийн муж багтдаг. Владивосток ба Хабаровск нь хамгийн том хотууд бөгөөд тус бүр 600 мянган оршин суугчидтай. ЗХУ-ын Номхон далайн тэнгисийн флот байрлаж, цэрэг дайны олон үйлдвэр төвлөрч байсан тул АДХ нь социализмын үед гадаадын иргэнд хаалттай, 90-ээд оноос нээгдсэн ч, бараг хоёр сая хүн орхин явжээ.

АДХ нь байгалийн асар их баялагтай, жилийн үйлдвэрлэл нь Оросын очир эрдэнийн (алмааз) 98, хар тугалганы 80, алтны 50, вольфрамын 14, загас ба далайн бүтээгдэхүүний 40, модны бэлдцийн 13 хувийг тус тус эзлэж байна. Энэ их баялагийг олборлох, Азийн хэсгээ хөгжүүлэхийн тулд Оросын засгийн газар 2010 оноос цоо шинэ санал, санаачилга дэвшүүлэн, амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ санаачилгын дагуу Орос улс Ази Номхон далайн орнуудтай хамтран ажиллаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар АДХ-ыг хөгжүүлэх зорилго тавьсан бөгөөд хамгийн түрүүнд 2012 оны АПЕК-ийн жилийн хурлыг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Оросын алс дорнодын түүхэнд зохиож буй хамгийн том, олон улсын энэ үйл ажиллагаанд зориулж Владивостокын дэд бүтцийг шинэчлэх, онгоцны шинэ буудал, дэлхийн стандартын зочид буудал, гүүр зам барьж байгуулах зэрэг бүтээн байгуулалтын олон том төслүүд богино хугацаанд хэрэгжүүлжээ. 2010 оноос хойш энэ төслүүдэд нийт 600 тэрбум рублийн (15 тэрбум доллар) хөрөнгө оруулалт хийжээ.

“Хоригдсон” Орос

Бүс нутгийн хөрөнгө оруулалт татах Оросын төлөвлөгөө нь 2014 онд Крымыг эзлэн авсан, Зүүн Украйны мөргөлдөөнөөс болж АНУ, Европын холбоо болон барууны бусад улсуудын зүгээс Орост тавьсан эдийн засгийн хоригоос болж улам эрчимтэй болгох шаардлага гарчээ. Дорнын Эдийн Засгийн анхны чуулганыг 2015 оны намар зохион байгуулж, Оросын Ерөнхийлөгч өөрөө биечлэн оролцов. Курилын арлаас болж газар нутгийн маргаантай байгаа учир энх тайвны гэрээ байгуулаагүй байгаа Япон ч энэ чуулганы зорилгыг дэмжиж, Ерөнхий сайд нь жил бүр ирж байхаа мэдэгджээ.

Анхны чуулган дээр Ерөнхийлөгч В.В.Путин: “Алс дорнодыг хөгжүүлэхдээ юуны өмнө нийгмийн хөгжилд анхаарч, орчин үеийн тээвэр, боловсролын дэд бүтцийг байгуулж, хүн амынхаа орлогод таарсан орон сууц барих, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг бий болгох бодлогыг барина. Мэдээж эдийн засгийн эрх чөлөөг тэлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэн, Алс Дорнодод оруулсан хөрөнгийн үр дүн, өгөөж нь дэлхийн бусад бизнесийн төвүүдтэй өрсөлдөхүйц болгоно” гэжээ.

Анхны чуулганд Номхон далайн ихэнх орнуудын 2500 улс төрийн болон бизнесийн төлөөлөгчид оролцож, нийлээд 19 тэрбум ам долларын гэрээнд гарын үсэг зуржээ.

Владивосток болон бусад зургаан боомтыг чөлөөт болгож ямар ч улсын хөлөг онгоц хүлээн авдаг болгох ажээ.

Эрчим хүч болон тээврийн тарифийг боломжоороо буулгаж эхлэв. Бүс нутагт бизнесээ эхлүүлэхээр шийдсэн Оросын фермер, үйлдвэрлэгч тус бүрт 1 га хүртэлх газрыг үнэгүй олгох болжээ. БАМ болон Транссиб-ийн төмөр замаа шинэчилж хуурай газраасаа бараа тээх боломжийг өргөтгөж байна. Хойд далайн усан замаа дэлхийн түвшний тээврийн корридор болгохоор ажиллаж байна.

Хилийн хяналтыг нэгтгэж, өдөр шөнөгүй ажилладаг, гаалийн мэдүүлгийг цахимаар урьдчилан авдаг болж, Владивостокын чөлөөт боомтоор ирсэн зорчигч найман өдрийн виз авдаг болжээ. 2035 он гэхэд Оросын газрын тос, байгалийн хийн гуравны нэгийг АНДОрнуудад ногдох ажээ.

Энэ өдрүүдэд Дорнын Эдийн Засгийн 3-р Чуулган болж Монголоос анх удаа дээд хэмжээнд оролцож, Ерөнхийлөгч Х.Баттулгын тусгай аялалын хөлгөөр улс төр, бизнесийн 100-аад төлөөлөгчид ирээд байна.

Русский арал

Владивосток хотоос Зүүн Босфорын хоолойгоор тусгаарлагдсан Русский нэртэй энэхүү бэсрэг арлыг 2012 онд 1885 метр урттай дүүжин гүүрээр холбосноор Оросын “Сингапурын” түүх эхэлжээ. Эдүгээ арлын талбайн дөрөвний нэгийг буюу 120 га газрыг хашаад Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн орчин үеийн цоо шинэ кампусыг барьжээ.

Энд дэлхийн алдартай их сургуулийн хотхонууд шиг хичээлийн болон оюутны дотуур байруудаас гадна олон зочид буудал, далайн эргийн наранд шарах газар, үзэсгэлэнгийн болон хурлын байгууламжууд, стадион, хамгийн орчин үеийн эмнэлэг, судалгааны лаборатори зэргийг бас барьж байгуулжээ. Хотхоны загвар, барилга байгууламжийн хийц, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь Сингапурт ирсэн юм шиг санагдуулна.  

Энэ хотхоныг аль хэдийнээ ОХУ-ын шилдэг, АНД-н тэргүүний кампусуудын нэг болгожээ. Азийн шилдэг Сингапурын Үндэсний Их Сургуультай хамтарсан сургалтын загварууд бий болгож захирлуудын МBA хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж байна. 1899 онд Николай II хааны зарлигаар анх байгуулагдсан энэ их сургууль нь бүс нутгийнхаа бусад сургуулийг нэгтгэсээр, эдүгээ гадаад, дотоодод долоон салбартай, дөчөөд мянган оюутантай Зүүн Хойд Азийн хамгийн том их сургууль, шинжлэх ухааны судалгааны томоохон төв болжээ.

Гэхдээ энэ сургуулийн хамгийн том онцлог бол аялал жуулчлалын маш түргэн хөгжиж буй хэлбэр болох MICE (Meetings, Incentives, Conferences, and Events) буюу урьдчилан төлөвлөсөн олон улсын томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг супер төв болгосонд оршино. Хотхон тус бүр нь 241 зочин авах таван зочид буудал, бусад байраа оруулаад хоногт 2000 зочин авах хүлээн авах чадалтай ажээ. Мөн 600 болон 900 суудалтай хоёр том хурлын ордон, 55-600 суудалтай 3 хурлын өрөө, 9000 ам метр үзэсгэлэнгийн талбай, олон мянган хүнд хоол, цай хүргэж үйлчлэх чадвартай, Номхон далайг харсан үзэсгэлэнт булан болжээ.

Том орон нутагт амьдарч, ажиллах шинэ хэв загвар, өндөр стандарт тогтоохын тулд бяцхан хотхоноос тусгайлан эхлэж, яваандаа оршин суугчид нь үйлчилгээний өндөр соёлыг хүлээн зэвшөөрч, дасаж заншихын хэрээр өргөжин тэлж болохыг Оросын “Сингапур” харуулж байна.

2017.09.06

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12
0 эможи
keyboard_arrow_up