Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна./2014.11.4 - 2014.11.10/
Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Э.Алтанзул: “Тэлсэн зах зээлийн төсвийн орлогыг шууд бууруулах боломжгүй”
Ирэх оны төсөвт эдийн засгийн бодит өсөлтөө харгалзан үзэж татварын орлогоо багаар тооцсон. Хамгийн гол нь татварын бус орлого нэмэгдүүлэхийг зорьж буй юм. Нэгэнт тэлсэн зах зээлийг бид аль болох хүчтэй савлуулахгүйгээр зарлагаа санхүүжүүлэх ёстой. Иймд төсвийн орлогыг шууд бууруулах боломжгүй. Аажим аажимаар бууруулах учиртай. / Ардчилал 2014.11.5 №206 /
УИХ-ын гишүүн Д.Зоригт: “Төв банк хүндрэлтэй орчинд ажилласаар ирлээ”
Монгол банк сүүлийн хоёр жил туйлын хүнд, сөрөг, амаргүй орчинд ажиллалаа. Нэгдүгээрт гадаад худалдааны орчин эрс муудсан. Төмөр нүүрс гээд олон төрлийг хэлж болно. Хоёрдугаарт дотоод орчин тун таагүй байна. 2010-2013 онд УИХ, Засгийн газрын гаргасан хэд хэдэн шийдвэр сөрөг нөлөөтэй байна. /Зууны мэдээ 2014.11.5 №260/
УИХ-ын гишүүн А.Тлейхан: “Мөнгө төсвийн бодлого уялдах шаардлагатай”
Бид ганцхан улсын төсөвтэй харьцуулах биш бусад зээл, тусламж бондтой харьцуулсан байдлаар цааш хэлэлцэж батлах ёстой. Монгол банк, Сангийн яам гээд төсөв барьж байгаа улсуудыг бүгдийг нь уялдуулсан ажлын хэсэг гаргаж нэлээд сайн судалгаа хийх ёстой. /Зууны мэдээ 2014.11.5 №260/
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: “Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн”
2013 онд эдийн засаг 11.7 хувиар өслөө. Энэ өсөлтийн том жин буюу 8-9 хувийг Монгол банкнаас явуулсан мөнгөний бодлого хангасан гэж дүгнэлтэнд гарч байсан. Өнөөдөр ханш л яриад байдаг. Гэтэл ханшийн өсөлт нь сайн муу хоёр талтай. /Зууны мэдээ 2014.11.5 №260/
Монголын хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн газрын дарга Ж.Мягмарсүрэн: “Иргэд засгийн газрын үнэт цаасыг 4.5 тэрбум төгрөгөөр худалдаж авлаа”
Анхдагч зах зээлийн арилжаагаар 4.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 45020 ширхэг Засгийн газрын үнэт цаас худалдан авах захиалга ирсэн. Захиалгын хувьд Сангийн яамны зүгээс нийлүүлэлтийг зуун хувь баталгаажуулсан. Тоо ширхэгийн хувьд яривал Гендикс брокер дилерийн компани 14500 ширхэг, Эм Ай Би Жи 7772, Голомт секьюритис 5353 ширхэг үнэт цаас гэх мэтээр арилжаа идэвхитэй хийгдсэн. /Өдрийн сонин 2014.11.5 №265/
Эдийн засагч, судлаач А.Баярцэцэг: “Бид нягтлангийн сэтгэлгээгээр хямралыг гэтэлнэ гэж байхгүй”
Манай эдийн засагчид хямралын шалтгааныг янз бүрээр тайлбарлаж, дүгнэлт хийж байна. Энэ бүхнээс харахад эдийн засаг буруу зүгрүүгээ явсаар ирлээ гэдэг ерөнхий дүгнэлт гарч байгаа юм. Гэхдээ миний хувьд үүнд нэг талаас шүүмжлэлтэй ханддаг. Учир нь манай зарим эдийн засагчдын хийж буй төсөөлөл, тайлбарлаж байгаа өнцгийг харахад мөнгөн хөрөнгийн удирдлагад илүү их анхаарч дүгнэлт гаргаад байгаа юм. /Ардчилал 2014.11.6 №207/
“Credit Suisse Securities” банкны гүйцэтгэх захирал Пол Трегидго: “Хөгжлийн банкны босгосон синдикат зээл Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж чадлаа”
Монгол Улсын Хөгжлийн банкны олон улсын банкнуудаас босгосон синдикат зээл олон талын үр өгөөжтэй. Цоо шинэ зах зээлийг нэвтрүүлж байгаагаас гадна шинэ хөрөнгө оруулагчдыг бий болгож байна. Монголыг сонирхох олон улсын хөрөнгө оруулагчдыг улам бүр нэмэгдүүлсэн алхам боллоо. /Үндэсний шуудан 2014.11.5 №212/
Хадгаламжийн даатгалын корпарацийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн: “Хуримтлал ирээдүйн амьдралын баталгаа”
Эдийн засгийн онолын үүднээсээ хуримтлал бол өнөөдрийн хэрэглээг хэмнэн ирээдүйд хэрэглэхээр хуримтлуулж буй хэсэг юм. Хуримтлал бол хүн хүний онцлог, хуримтлалын зорилгоос хамаараад янз бүр байдаг. Манай хуулиар бид нэг банкны нэг харилцагчдийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг даатгаж хамгаалсан байгаа./Өглөөний сонин 2014.11.4 №191/
Эдийн засагч, Санхүү эдийн засгийн их сургуулийн захирал Д.Батжаргал: “Эдийн засаг улам тогтворгүй боллоо”
Засгийн тогтворгүй байдал нь Монголын эдийн засгийг улам тогтворгүй болголоо. Улам тодорхойгүй байдлыг бий болгож байна. Энэ тодорхойгүй байдлаас болж хөрөнгө оруулагчид зогсонги байдалд орж, хөрөнгө оруулсан нь хөрөнгөө эргүүлэн татах байдал үүснэ. Үүнийг далимдуулж тодорхойгүй хүмүүс янз бүрийн үйлдэл хийж эдийн засгийг улам хүндрүүлнэ.Манай улсын хувьд Засаг нь тогтвортой, бодлого нь тууштай байх нь л чухал байсан. /Үндэсний шуудан 2014.11.6 №213/
Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като: “Хаан банк ISO/IEC 27001:2013 олон улсын стандартын батламжийг Монголд анх удаа хүлээн авлаа”
Хаан банк мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ISO/IEC 27001:2013 олон улсын стандартын дагуу Мэдээллийн аюулгүй байдлын удирлагын тогтолцоог банкны үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, олон улсын итгэмжит байгууллагаар аудит хийлгэн, уг шалгалтандаа амжилттай тэнцэн батламжаа гардан авлаа. /Зууны мэдээ 2014.11.10 №263/