Ч.Улаан: Бүтээгдэхүүнээ гадаадад экспортод гаргадаг үйлдвэрлэлээ илүүтэй дэмжинэ
Монголын эдийн засгийн чуулганд санал шүүмжлэл их байсан. Гэхдээ бодитойгоор харахад “Монголдоо бүтээцгээе” гэсэн уриатай энэ чуулган яг гол сэдвүүдээ хөндөж чадсан уу?
Энэ жилийн чуулган “Монголдоо бүтээцгээе” гэсэн уриатай боллоо. Тэгэхээр энэ бол засгийн газрын хэрэгжүүлэх том бодлогын тодорхой арга замыг тодорхойлж, санал бодлоо солилцох бололцоо олгосноороо их ач холбогдолтой болсон. Монгол улс аль болох өөрөө өөртөө бүтээдэг болъё. Бүтээгдэхүүнээ гадаадад экспортод гаргадаг үйлдвэрлэлээ илүүтэй дэмжье.
Эдийн засгийн хувьд биеэ даасан тогтолцоог бэхжүүлье гэсэн бодлогын үүднээс хүрээнд яригдаж байгаа гэдгээрээ ач холбогдолтой. Бүгд яаж дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдгийг шүүмжлэлтэй, зарим нь нэлээд хурцаар гаргаж тавьж байлаа. Энэ бол асуудал байгаагийн илрэл юм. Үүнийг цаашид шийдэхэд бид бүх анхаарлаа хандуулах учиртай. Түүнийг төр засгийн бодлогод хэрхэн тусгаж, суулгаж ажил болгох вэ гэдэг хамгийн том ажил эхэлж байна.
- Энэ сэдвүүдийн талаас аваад үзвэл, нэг талаас Монголдоо бүтээх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, дэмжих талд нэг талаас боломж гарч ирж байгаа мэт боловч таны ажиглалтын түвшинд одоо байгаа зүйлийг хуваалцаж болох уу, Тухайлбал ханшийн хэлбэлзлээс шалтгаалаад гаднаас орж ирж байгаа бүх бараа бүтээгдэхүүнүүд үнэтэй болчихсон. Эргээд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд хямд болж байгаа. Энэ чигээрээ өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаа гэсэн янз бүрийн үзэл бодлууд сонсогдож байсан?
Мэдээж энд олон янзын үзэл бодол байгаа. Үүнд хүндэтгэж хандах ёстой. Ер нь бий болчихсон нөхцөл байдал бидэнд нэг л зүйлийг хэлж байна.
Бид хэдийгээр дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа боловч гадны хамаарал маш өндөр түвшинд байна. Ханш жоохон хэлбэлзэхэд л манай жижиг, дунд үйлдвэрлэл, цаашилбал үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ донсолж байна шүү дээ.
эгэхээр бидэнд гаднаас хамаарах хамаарал их өндөр байгааг харуулж байгаа үзүүлэлт. Энэ байдлыг цаашид засч илааршуулахын тулд одооноос бодлогоо өөрчлөх учиртай. Аль болохоор дотоодын түүхий эдийг боловсруулж, дотоодынхоо нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлээ илүүтэй хөгжүүлбэл бид гадны хамаарлаас ангижирч чадна гэдэг бодлого дээр тууштай ажиллах ёстой гэдэг дээр санал, шүүмжлэлүүд өрнөлөө. Энд нэлээд нухацтай, асуудал болгонд анхааралтай хандаж, тэндээс бий болсон тогтолцоог засч өөрчлөх тэр алхамуудыг хугацаа алдалгүй авч хэрэгжүүлэх ёстой.
- Нэг жишээ хэлэхэд МАА-н орон гэдэг мөртлөө сүүгээ гаднаас авч байгаа нь сонин сонсогдох байх л даа
Манай орон бол МАА орон 45 сая мал тоолууллаа. Бид МАА-н гаралтай бүтээгдэхүүнээр өөрийгөө хангах боломж бүрэн байгаа. Өмнө нь өөрийгөө хангаж байсан түвшин их өндөр байсан. Тэгэхэд өнөөдөр бид тэр бүгдийгээ түүхий эд хэлбэрээр гадагш нь гаргачихаад эргээд валют зарж бэлэн бүтээгдэхүүн худалдаж авч байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд сүү.
Бид хэрэглэж байгаа сүүнийхээ 70 орчим хувийг гаднаас валютаар худалдаж авч хэрэглэж байна. Ингээд бодоход бид олон зүйлд бодлогоо өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа. Тийм ч учраас сая ноос ноолуурын бэлтгэлийн асуудалд засгийн газар огт өөр бодлого, шинэ арга барилаар хандлаа.
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, дотроо боловсруулалтын түвшингээ нэмэгдүүлэх чиглэлд зориулсан нь эдийн засаг, санхүүгийн шинэ механизмуудыг хэрэглэж эхэллээ. Мэдээжийн хэрэг энэ бол амаргүй. Магадгүй зарим талаар шүүмжлэл дагуулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бодлого зөв. Бид арга механизмаа зөв олж хэрэгжүүлэх учиртай гэх мэт том бодлогодоо зохицсон олон өөрчлөлтүүдийг энэ жил хийх шаардлагатай болно.