2015 онд инфляци 19 хувьд хүрч болзошгүйг мэдэгдлээ

2014 оны 11 сарын 05

Монгол Улсын 2015 оны төсвийн төсөлд энэ оны нэгдсэн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулбал нэлээн өөдрөгөөр төсөөлж боловсруулжээ хэмээн Нээлттэй Нийгэм форумаас мэдэгдлээ.

Эдийн засагчдаас бүрдсэн Зөвлөх баг Нээлттэй Нийгэм форумтай хамтран нэгдсэн төсвийн төсөлд тойм дүгнэлт хийдэг. Тэд уламжлал ёсоор ирэх оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд өнгөрсөн жилийн тойм дүгнэлт бодит байдалтай дүйцсэн хэмээн тодотголоо. Өмнөх жилийн тойм дүгнэлтэд уул уурхайн салбарын өсөлтийг дотоодын эдийн засгийн нөхцөл байдал БНХАУ-ын эрэлт зэрэг эдийн засгийн хүчин зүйлстэй уялдуулалгүй хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн хэмээн дүгнэж байсан. Энэ оны гуравдугаар улирлын дүн мэдээгээр уул уурхайн салбарын төсвийн гүйцэтгэл төлөвлөснөөс 60 хувийн бууралттай буюу  төлөвлөсөн орлогын 1/3 хувьтай тэнцэж байгаа нь  тэдний гаргасан дүгнэлттэй  дүйж буй аж.

Зөвлөх баг жил бүрийн төсвийн төсөлд үнэлгээ хийж тойм дүгнэлт гаргахдаа Сангийн яамны төсвийн мэдээлэл, Монголбанк, ҮСХ, Валютын сан, Дэлхийн банкны судалгаа, тайланг үндэслэдэг байна.

2015 оны төсвийн төслийн хувьд эдийн засгийн төлөв байдал, сайжирна гэсэн үндэслэлд тулгуурласан нь хэт өөдрөг байх вий гэсэн болгоомжлолыг тэд өгч байна. Төсөл боловсруулахдаа БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сүүлийн дөрвөн жилийн удаашрал, гадаадын хөрөнгө оруулалтын  8 улирал дараалсан бууралт, төлбөрийн тэнцэл, ханшийн дарамтыг бодитой тусгаагүйг тодотгов. Ингэснээр эдийн засгийн ерөнхий төлөв уруудаж, инфляцийн түвшин өсөх хүлээлт нэмэгдэх аж. Тодруулбал Монголбанкны энэ оны хоёрдугаар улирлын судалгааг үндэслэвэл 2015 онд инфляци 19 хувьд хүрч болзошгүйг мэдэгдлээ. Мөн Монголбанкны хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах, ипотекийн хөтөлбөрүүдийг давхар иртэй тонгорог шиг байна хэмээн шүүмжлэв. Учир нь дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд эдийн засагт хэт их мөнгөний нийлүүлэлт хийснээр эерэг нөлөөтэй ч нөгөөтэйгүүр валютын ханшийн эрэлтийг огцом хөөрөгдсөн хэмээн тайлбарлалаа. Зөвлөх багийн танилцуулгад гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, валютын нөөц хурдтай шавхагдаж ханшийн дарамт нэмэгдэж буйг онцолсон юм. Улмаар ирэх оны төсвийн төсөл нь тодотголтой харьцуулбал буурсан ч хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулбал өссөн дүр зурагтай байгаа аж.

 Манай улсын хувьд татварын орлого төрөлжөөгүйн улмаас орлогыг зохиомол өсгөх, зардалтай нийцүүлэх орон зайг уул уурхайн татварын орлого бий болгосон хэвээр байгааг дурдан ирэх оны төсөвт  урсгал зарлагын тэлэлт үргэлжилж мэдэх нь гэсэн дүгнэлт өглөө. Урсгал зарлагын өсөлтөд цалин хөлс, тэтгэвэрийн нэмэгдэл ба зээлийн үйлчилгээний төлбөрийн өсөлт голложээ. Цаашид төсвийн орлогыг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбаруудын хөгжлийг дэмжих, аж ахуйн нэгжийн санхүүг бэхжүүлэхэд төрийн нэгдсэн бодлого шаардлагатай байгааг Нээлттэй нийгэм форумаас зөвлөлөө.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11437
0 эможи
keyboard_arrow_up