Монгол Улсын гадаад өр, ирээдүйн төлөв байдал
Өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулсан билээ.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас 90 хувийн хамааралтай болсон ч 2015 оны төсөөллөөр энэ үзүүлэлт багасах талаар Н.Золжаргал ерөнхийлөгч ам гарч байна лээ. Харин түүний мэдээллээс 2013 онд Монголбанкинд дөрвөн тонн алт тушаагдаж байсан бол 2014 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар 8.7 тонн алт тушаагдаж, Монгол Улсын гадаад өр 4.5 тэрбум ам. доллар болсон нь ДНБ-ний 37 хувьтай тэнцэж байгааг УИХ-ын гишүүд сонсож мэдэцгээсэн.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газар Монголбанкнаас зээлсэн өр нэг их наяд төгрөгт хүрсэн талаар тодруулан асуухад Монголбанкны ерөнхийлөгч “Засгийн газар сүүлийн хоёр жилд Төвбанкнаас хуулиар олгогдсон лимитдээ тохирсон нэг ч төгрөгийн зээл аваагүй. Хуулийн дагуу 200 тэрбум төгрөгийн зээл авах эрх нь нээлттэй байгаа” гэсэн хариулт өгсөн.
Тэгвэл өрийн удирдлагагүй, бодлогогүй, үр ашиггүй, хяналтгүй байдал нь Монгол Улсын ирээдүй, Үндэсний аюулгүй байдалд заналхийж байгааг эрх баригчид төдийлөн ухааралгүй, мөнгөний бодлогодоо ноцтой алдаа гаргасантай уялдуулан Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В”-ээс “ВВ” болгон бууруулсныг өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн. Товчхондоо гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурч, зээлээ эргэн төлөх валютын нөөц хомсдон, төсвийн орлого эрс багасч байгаад биднээс түрүүлээд олон улсын банк санхүүгийн байгууллагууд хатуухан анхааруулга өгч эхлээд байгаа.
Монгол Улс нэгэн үе хөнгөлттэй зээлийн багцаас өөр өргүй байсан сайхан цаг бий.
Дөрөв, тавхан жилийн өмнө эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдаж байсан нь Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, олон төрлийн санхүүжилтийн арга хэрэгслийг авч ашиглах боломжийг нээж өгсөн түүхтэй. Тухайлбал арилжааны нөхцөлтэй зээл, гадаад, дотоод бонд, Засгийн газрын өрийн баталгаа, төр-хувийн хэвшлийн түншлэл, концесс зэргийг нэрлэж болно.
Эдгээр боломжийг өөрсдийн эрсдэл даах хэмжээндээ хязгаарлах зорилгоор 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг баталж, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийг ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.
Уг хуулийн дагуу улсын өр гэдийг Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газраас гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдсон хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг ойлгоно гэж заасан.
Сүүлийн гурван жил буюу 2010-2013 оны хооронд Монгол Улсын өрийн хэмжээ ойролцоогоор 2.9 дахин өсчээ. Засгийн газрын шугамаар авч ашигласан гадаад зээлийн өрийн үлдэгдэл 43 хувиар, харин дотоодод гаргасан үнэт цаасны өрийн үлдэгдэл ойролцоогоор 5.6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа.
Шинэчлэлийн Засгийн газар зөвхөн 2013-2014 оны хооронд улсын төсвөөс гадуур “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн гурван их наяд, “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам. доллар, Хөгжлийн банкны 580 сая ам. доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 290 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны 162 сая ам. доллар зэрэг долоон их наяд орчим төгрөгийг зарцуулчихаад байгаа.
Энэ бүгд Н.Алтанхуяг сайдын хэлснээр “Бидний үр хүүхэд, хойч үеийнхний төлөх өр” болчихоод байгаа. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Монгол Улсын Засгийн газрын өр 2013 онд 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдэж 17.7 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ний 102 хувьтай тэнцэж байгаа аж.
Саяхан ОУВС, Дэлхийн банкнаас тогтоосон гадаад өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтээр Монгол Улсын гадаад өр сэрэмжлүүлэх түвшинд ойртож очжээ.
Цаашид өрийн удирдлагатай холбоотой үндсэн дөрвөн төрлийн эрсдэл бодиттой болсныг ч анхааруулсан байсан. Эдгээр эрсдлүүд нь Дахин санхүүжилтийн эрсдэл, Валютын нөөцийн хомсдолын эрсдэл, Валютын ханшийн эрсдэл, Төсвийн алдагдлын эрсдэл зэрэг болохыг ч дурьдсан байна лээ.
Монгол Улсын нэг жилийн дотор эргэн төлөгдөх өрийн нийт өрд эзлэх хэмжээ 2010 онд 3.1 хувь, 2012 онд 11.9 хувь байсан бол 2014 онд 15 хувьд хүрэх хандлагатай байгаа. Эргэн төлөгдөх хугацааны хувьд 2011 онд 13.5 жил, 2012 онд 11.9 жил байсан бол 2014 онд 10.5 жил болж буурах магадлалтай байгаа нь гадаад, дотоод өрийн хувьд дахин санхүүжилтийн эрсдэл өмнөх онуудаас эрс өссөөр байгааг харуулах үзүүлэлт юм. Дахин санхүүжилтийн хамгийн оргил үе нь 2017 онд тохиох ба 2018 онд 1.25 тэрбум ам.долларын өр төлнө.
Гэтэл 2015 оноос сонгуулийн уур амьсгал орж ирэх, 2016 онд сонгуультай жил, 2017 онд сонгуулийн уур амьсгал буурах эдгээр жилүүдэд дахин олон улсаас санхүүжилт татах найдлага эдийн засгийн болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалаад боломжгүй болох магадлалтай.
2014 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 18.9 тэрбум ам.долларт хүрсэн нь манай гадаад валютын нөөцөөс 7.9 дахин их болж, гадаад валютын нөөцийн хувьд асар их хомсдол бий болгосон.
2012 онд Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 5932.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2013 онд 7375.4 тэрбум төгрөг болж 1443.1 тэрбум төгрөг буюу цэвэр валютын ханшийн өсөлтөөр нэмэгдсэн.
Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам. доллар болж, Монголбанкны алдагдал нэг их наяд төгрөгийг давчихаад явж байгаа нь тун удахгүй Монгол Улс өрийн дарамтад орж болзошгүй болоод байгааг харуулах хамгийн тодорхой нотолгоо юм.
Энэ базаахгүй үзүүлэлт дээр улсын төсвийн алдагдлыг нэмж байж эдийн засагт ирэх бодит хохирлыг тооцох учиртай.
Төсвийн алдагдлын хувьд 2013 оны эцсээр 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бол 2014 оны эхний есөн сарын байдлаар энэ тоо 200 тэрбумыг хол давчихаад явж байгаа. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувийн алдагдал бөгөөд хэрэв Чингис бондын хөрөнгийн зарцуулалтыг төсөвт тусгасан тохиолдолд төсвийн алдагдал ДНБ-ний 12.2 хувьд хүрнэ.
Энэ бүхнээс дүгнэлт хийвэл Монгол Улсын өр ирэх таван жилийн гол тулгамдсан асуудал болох ба одоогийн нөхцөл байдлаар өрийн хямралыг эрсдэл багатайгаар давах найдвар тун багасч байна. Улсын өрийн бүтцийн хувьд гадаад өрөөс дотоод өр эрчимтэйгээр нэмэгдэж байгаа нь төсвийн алдагдлын эрсдэлийг улам л нэмэгдүүлнэ.
Улсын өрийн хэмжээ сүүлийн дөрвөн жилд 2.9 дахин нэмэгдсэнээр өнөөгийн үнэд шилжүүлээгүй хэмжээгээрээ ДНБ-ний 58 хувь, нэг хүнд ногдох хэмжээгээр 3.5 сая төгрөг, эдийн засгийн идэвхтэй нэг хүнд ногдох хэмжээгээрээ есөн сая төгрөгт хүрчээ.
Энэ байдлаас харвал улсын дундаж цалингаар цаашид өсөн нэмэгдэж буй гадаад өрийг төлөх ямарч боломжгүй болж байгаа аж. Үндэсний статистикийн газраас гаргасан дээрх хэдхэн тоо Монгол Улс өр, төлбөрийн ямархуу дарамтад орж эхлээд байгааг харуулж байна.