Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2014 оны 10 сарын 27

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.10.21- 2014.10.27/

 

Сангийн дэд сайд С.Пүрэв: Ирэх оны төсвийг хэт өөдрөгөөр биш боломжиндоо тулгуурлаж тооцсон

Ирэх оны төсвийн төсөл муу боллоо гэж шүүмжилж байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг аль өнцгөөс нь харж байна вэ гэдэг чухал шүү дээ. Олон жилийн турш бид төсвөө их өөдрөгөөр төсөөлж иржээ. Гэтэл яг бодит байдалд гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж, төсвийн орлого тасардаг.

Төсвөөс гадуур хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээг төсөвтөө оруулж, олон нийт болон гадаадын санхүүгийн байгууллагад нээлттэй мэдээлэл өгөхөөр ажиллаж байна.   /Монголын үнэн 2014.10.27 №205/

Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Б.Нямаа: Хөгжлийн банкны 115 сая ам.доллараар Оюутолгойгоос авсан зээлээ төлсөн

Хөрөнгийн зах зээл манай улсын эдийн засгийн тулгамдсан асуудлын нэг болчихоод байгаа. Тиймээс энэ зах зээлийн хөгжлийн асуудлаар УИХ, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран сүүлийн хоёр жил нэлээд арга хэмжээ хэрэгжүүллээ.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрийг баталгаажуулах зорилгоор, засгийн газрын бонд гаргах шийдвэр гарч байсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсаны дараа эхний ээлжийн 115 сая ам.долларын хямдруулсан бондыг 5 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй хөрөнгө оруулагчид арилжаалсан. Харин үүнээс 100 сая ам.доллар бэлнээр орж ирсэн. Үүнийг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан “Эх орны хишиг” олгоход зарцуулсан гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Тэгвэл энэ мөнгөний төлбөрийг хийх хугацаа 2014 оны аравдугаар сарын 17-нд дууслаа. Тиймээс бид хаалттай хэлбэрээр 115 сая ам.долларын бонд гаргаж, “Хөгжлийн банк”-инд худалдсан юм. Хөгжлийн банкинд яагаад долларын бондыг шууд худалдсан бэ гэхээр, валютын зах дээрээс шууд 115 сая долларыг худалдаж авахад нэлээд төвөгтэй, ханш хөөрөгдөж болзошгүй байсан. / Mnb.mn 2014.10.24  /

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат: Чингис бондын эхс үүрсвэрээр Засгийн газрын бонд аваагүй

Хариуцлагатай хэлье, Чингис бондын хөрөнгийн эх үүсвэрээр Засгийн газар үнэт цаас худалдан аваагүй. Энэ бол буруу мэдээлэл. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдахаас өмнө Хөгжлийн банк 580 сая ам.долларыг гадаад зах зээлээс босгосон шүү дээ.  Ашигтай ажиллаж байгаа нь бондын эх үүсвэрээ  цаашид хөрөнгө оргуулагчдадаа эргэн төлөх анхдагч нөхцөл нь бүрдэж байгаа юм.

/Үндэсний шуудан 2014.10.21 №201/

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Монгол улсын ирээдүй өрөнд баригдсан, хамгийн эрсдэлтэй орны тоонд орчихоод байна

Ийм их мөнгө зарцуулчихаад улс орноо сөхрүүлж, ард түмний амьдралыг туйлдуулсныг биднээс  гадна Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагууд буруушан дүгнэж байна. Монгол улсын өрийн хэмжээ хоёрхон жилийн дотор гайхаж, цочмоор нэмэгдлээ.

/Өглөөний сонин 2014.10.23  №182/

 

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Эдийн засаг нь ийм, энгийн улс орны мөнгөний бодлого ийм л байна

Мөнгөний бодлогыг янз бүрээр, тойрч ярьсаар байгаад л баталдаг. Тэр зарчмаараа л явах байх. Энгийнээр Бид Монголын улсын эдийн засгийг ярихад ийм л бодлого орж ирнэ. Өөр юу ч орж ирэхгүй. Өнөөдөр үйлдвэрлээд, экспортолдог бүтээгдэхүүн гэж манайд байхгүй. 70-аад онд барьсан Эрдэнэтийн зэс, саяхан хилийн ойролцоо байгаа Тавантолгойн нүүрс хоёр л бий.

Эдийн засаг нь ийм энгийн улс орны Мөнгөний бодлого ийм л байна шүү дээ. Улстөрчид нь халамж өгнө. Энэ халамжаар нь Эрээн хот баяждаг. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид Эдийн засгаа хараач ээ. / Vip76.mn 2014.10.24 /

Эдийн засагч Ч.Хашчулуун: Эдийн засаг ирэх жил 5-6 хувиар өсч, хүндрэл үргэлжилнэ

Ирэх онд хөрөнгө оруулалт шинээр нэмэгдэж орж ирэх хандлага одоогоор ажиглагдахгүй байна. Нүүрсний үнийн уналт хэвээр үргэлжлэх байх. Хөрөнгө оруулалтын төслүүд их ухаан байгаа. Тухайлбал, ТЭЦ-5 цахилгаан станц барих төсөл удааширлаа. Зураг төсөл нь хараахан бэлэн болоогүй.  /Ардчилал 2014.10.27 №199/

Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн: Нийслэл бондыг зогсоогоогүй

Одоохондоо бэлтгэл ажлын хүрээнд явж байна. Сангийн яам Засгийн газарт төсөв өргөн барихдаа  нийслэлийн төсөвт шилжүүлдэг 330 тэрбум төгрөгийн шилжүүлгийг хийхгүй хэмээн мэдэгдсэн. Өөрсдөө татварын нэмэгдүүлэлт бий болгож, төсвөө бүрдүүл гэсэн. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл Нийслэл бонд гаргах ажил хойшилж магадгүй. / Монголын үнэн 2014.10.21  №201/

Халамжийн мөнгөний санхүүжилт дөрвөн сарын өмнөөс тасалджээ 

ЧД-ийн Захиргаа хяналтын албаны дарга Ч.Эрдэнэбат: Сар бүр санхүүжилт дутуу орж ирдэг

Ер нь зургадугаар сараас хойш санхүүжилт тасалдаж байна. Уг нь сар бүрийн 10-15-ны хооронд санхүүжилт ордог. Энэ хугацаанд санхүүжилт нь дутуу орж ирдэг. Манай дүүргийн хувьд сар бүр 700 сая төгрөг орж ирэх ёстой байдаг. Гэтэл сард 400 сая төгрөгийн санхүүжилт орж ирдэг.

/ Монголын үнэн 2014.10.23  №203/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10801
0 эможи
keyboard_arrow_up