Ирэх онд улсын төсвөөс 7.6 их наяд төгрөг зарцуулна

2014 оны 10 сарын 22

Ирэх жил манай улсын төрийн бүтцэд хамаарч буй захиргааны, үйлчилгээний бүх нэгжид хэдий хэр төсөв хөрөнгө ногдож, ямар ажил хийж, хэрэгжүүлэх тухай том яриа Төрийн ордонд эхэллээ. 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газрын бүтцийн өөрч­лөлттэй уялдуулан парламентын тэргүүнд дахин өргөн барьсны эхний хэлэлцүүлэг өчигдөр болж, бүтэн өдөржин үргэлжилсэн юм. Сангийн сайдаа ажлаас нь чөлөөлчихсөн тул чиг үүрэг нь Ерөнхий сайдад ирж, дэд сайд Д.Пүрэв үндсэн асуудлыг толгойлон ажиллажээ. Ингэснээр хоолой нь сөөсөн Ерөнхий сайд, дэд сайдын хамт бараг бүх гишүүний асуултад хариулсан гэсэн үг. Түүний тайлбарласнаар ирэх онд манай улсын төрийн нүсэр бүтэц 7638.8 тэрбум төгрөг зарлагадаж, 7160.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх аж. Эндээс зөрүү буюу тэнцвэржүүлсэн тэнцэл нь 478.4 тэрбум төгрөг болжээ. Энэ алдагдал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас ихгүй байх ёстой. 478.4 тэрбум төгрөг гэдэг нь хуульчилсан босгоос хэтрээгүй аж.

Ирэх онд татварын ямар нэг өөрчлөлт гарахгүй. Орон нутгийн засаг захиргаанаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний төсөв, хөрөнгийг орон нутагт нь хариуцуулж, тэдний төсвийн бие даасан байдлыг хангах боломж бүрдүүлжээ. Засгийн газар төсвөө хэмнэх горимоо ирэх онд ч үргэлжлүүлнэ. Зөвхөн боловсрол, эрүүл мэнд, соёлын болон бусад салбарт төрийн үйлчилгээний цар, хүрээ нэмэгдэхтэй холбоотой орон тоо, урсгал зардлын өсөлтийг төсөлд тусгажээ. Инфляцын түвшин, бүтээмж, салбарын онцлогоос харгалзан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлж, шаардагдах эх үүсвэрийг нэгдсэн дүнгээр нь 500 тэрбум төгрөгт хүргэх гэнэ. Өнгөрсөн онд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхэд 135 тэрбум төгрөг зарцуулсан. Ирэх онд нэмэхэд зарцуулахаар тусгасан 500 тэрбумаас  300 гаруй тэрбум нь цалинд зарцуулагдах аж.

УИХ-ын чуулганы хуралдаанаар бараг бүх гишүүн Ерөнхий сайд, Сангийн дэд сайдаас асуулт асууж байсан ч тус бүртээ өөр өөрийн өнгө аястай байв. Жишээ нь, тойргоос сонгогдсон гишүүд “Би бусад аймагтай барьцах гэсэнгүй...” гэсэн атлаа манай аймагт бусдаас доогуур хөрөнгө оруулахаар болж гэх. Эсвэл “Энд би тойргийнхоо асуудлыг л ярих гэсэн юм биш...” гэчихээд л манай тойргийн тэр сургуулийн хөрөнгө зогсчихсон гэхчлэн хандаж байв. Түүнчлэн Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн шүүхийн асуудлаар тодруулж байхад замын салбарт бизнес эрхэлж байсан хүн зам арчлалтын төсвийн хуваарилалтыг тодруулсан. Уул уурхайн салбараас улс төрд орсон зарим нь тусгай зөвшөөрөл, лиценз, хайгуулын талаар асуусан нь анзаарагдсан юм.

Төрийн захиргааны байгууллагууд хэдий хэр төсөв захиран зарцуулах анхны саналыг дараах хоёр хүснэгтэд үзүүлэв. Засгийн газраас долоон сайдыг чөлөөлсөн учир дөрвөн ч яам удирдах сайдгүй байгаа юм. Эхний хүснэгтэд заасан бусад гэдэг ангилалд Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын прокурорын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга багтаж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10547
0 эможи
keyboard_arrow_up