Инфляцийн түвшин 2014 оны есөн сарын байдлаар оны эхнээс 8.5 хувиар өссөн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улсын Их Хурлын чуулганы /2014.10.17/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын макро эдийн засгийн 2014 оны эхний есөн сарын байдлын талаар мэдээлэл хийлээ.
2014 оны эхний хагас жилд 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 6634.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувиар өссөн бол оны үнээр тооцсон ДНБ 9856.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар өсөөд байна хэмээн Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд дурдсан. Уул уурхайн салбарын нэмэгдэл өртөг 16.1 хувь, ХАА-н салбарын нэмэгдэл өртөг 16.3 хувь тус тус өссөн нь эдийн засгийн бодит өсөлтөд голлон нөлөөлсөн хэмээв. Мал аж ахуйн салбарт 17 сая төл хүлээн авч, малын тоо толгой 13 хувиар, тариалсан талбайн хэмжээ 437 мянган га-д хүрч, 6.6 хувиар өсчээ.
Үйлчилгээний салбар 2014 оны эхний хагас жилийн байдлаар 2 хувиар өссөнөөс тээврийн салбар 12 хувиар, мэдээлэл, шуудангийн салбар 2.5 хувиар өссөн бол худалдааны салбар 12 хувиар буурчээ.
Инфляцийн түвшин 2014 оны есөн сарын байдлаар оны эхнээс 8.5 хувь, өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 13 хувь тус тус өсчээ. Жилийн инфляцийн түвшинд хувцас, бөс бараа, гутлын бүлэг, цахилгаан, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Инфляцийн түвшин өндөр байгаа хэдий ч өсөлтийн түвшин саарах хандлагатай байна хэмээн Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан.
Гадаад валютын төгрөгтэй харьцах ханш 2014 оны 9 дүгээр сард харьцангуй тогтворжиж, наймдугаар сарын түвшингээс бага зэрэг буураад байна хэмээн тэрбээр хэлж байлаа.
2014 оны нэгдүгээр сараас хойш алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 2014 оны наймдугаар сард 14.9 сая ам.долларын ашигтай гарсан аж. Энэ нь тогтмол өндөр алдагдалтай гардаг байсан урсгал данс 126 сая ам.долларын ашигтай гарсантай холбоотой гэж тэрбээр тайлбарласан.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014 оны эхний 9 сарын байдлаар 8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувийн өсөлттэй байгаа талаар мэдээлэлд дурдагдаж байлаа.
Монгол Улсын нийт экспорт 2014 онд 5.3 тэрбум ам.доллар, тэр дундаа уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.2 сая, нүүрс 18 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг Ерөнхий сайд хэллээ. Оны эхний хагаст зарим уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээ өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байгаа ч гол бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрс, газрын тос, алтны экспортын хэмжээ өссөнөөр нийт экспортыг нэмэгдүүлэх хандлагатай байна хэмээгээд нийт импортын хэмжээ 2014 онд 5.5 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ онцолсон юм.
Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, хариултаа авсан. Тухайлбал, улсын төсөв хэдэн төгрөгөөр тасрав, төсвийн хөрөнгө оруулалт яагаад хийгдэхгүй байна вэ. Банкнаас зээл аваад ажлаа гүйцэтгэчихсэн компаниуд улсаас мөнгөө авч чадахгүй байсаар дампуурахад хүрч байна хэмээн УИХ-ын гишүүн А.Тлейхан лавлаж байлаа.
Ерөнхий сайдын хариулснаар, нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оноос 2.5 сая тонноор нэмэгдсэн ч дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаснаас төсөвт орж ирэх экспортын орлого 150 сая ам.доллараар буурсан аж. Энэ мэт хүндрэлээс болж төсөв бүрдүүлэлт тасалдсан гэлээ. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг төсвийн орлоготой уялдуулан хийдэг болохоор төсвийн орлого тасалдсан нь хөрөнгө оруулалтын санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаагийн шалтгаан гэж тэрбээр мөн хэлсэн юм.
УИХ-ын гишүүд, эбола вирусын халдвар дэлхий нийтийг түгшээж байна гээд түүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгааг, 888 төслийг шалгаруулан санхүүжүүлнэ гэж байсан, тэдгээр төслийн хэд нь санхүүжилтээ аваад байгааг, хүнсний ногооны тариалалт нэмэгдэн, дотоодын хэрэгцээгээ хангахаар хэмжээнд хүрсэн гэж байгаа атлаа хүнсний ногооны импорт нэмэгдээд байгаагийн учрыг тодруулан асуусан.
Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр, эбола вирусын халдвараас сэргийлэх талаар тодорхой мэдээллийг ҮАБЗ-д танилцуулан тус зөвлөлөөс зөвлөмж гаргасныг хил, гаалийн албадад хүргүүлээд байгаа юм байна. Эмч нарыг сургалтад хамруулан, бэлэн байдлыг хангаж ажиллаж эхэлсэн аж. Эбола вирусын тархалт гарсан улс оронд зорчоод ирсэн 20-иод хүнийг хяналтад аван ажиллажээ. Ямартай ч манай улс ДЭМБ-ын үнэлгээгээр бэлтгэл харьцангуй хангагдсан орны тоонд ороод байгаа юм байна.
Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төслийг шалгаруулснаас 146 төслийн санхүүжилт батлагдан, 211 тэрбум төгрөгийн санхүүжилтээ аваад байгаа хэмээн ажлын хэсгийн гишүүд хариулсан. Энэ жил 475 мянган тонн үр тариа, 160 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо тариалсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй хэмжээгээрээ адил байгаа гэсэн хариултыг өглөө.