Монголын жараахай Хятадын аварга загастай өрсөлдөнө гэж үү?
Хятадын төрийн банк болох “Bank of China” Монголд орж ирэх нь гэсэн яриа саяхнаас ажил хэрэг болоод эхлэв.
“Bank of China”-гаас “Туушин” компанид 25 сая ам.долларын зээл олголоо...
“Bank of China”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар “Монгол-Хятадын соёл боловсролын сан”, нөгөө нь “Монгол-Хятадын нийгмийн хөгжлийн сан”-гаас зарласан дунд сургуулийн сурагчдын дундах зохион бичлэгийн уралдаан, хятад дуу дуулаачдын уралдааныг ивээн тэтгэлээ...
Монголын ширээний теннисний баг тамирчдыг Японд болсон олон улсын тэмцээнд оролцоход “Bank of China” дэмжлэг үзүүллээ....
Амжилттай суралцсан, ар гэрийн боломж тааруу, Монголын 60 сурагчид “Bank of China” тэтгэлэг олгохоор ажиллаж байна...
Чухамдаа энэ мэдээ нь “Bank of China” Монголд үйл ажиллагаа явуулж эхэллээ гэсэн шиг сонсогдож байгаа юм. Монголын улстөрчид, банкны салбарын зарим төлөөлөгчийн томоохон дэмжлэгээр салбараа нээхээр зүтгэж буй “Bank of China”-ийн PR сүүлийн үед ихээхэн идэвхжиж байгаа нь нууц биш.
Харамсалтай нь “Bank of China”-г дэмжиж буй манай улстөрч, банкирууд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын талаар ганц үг ганхийхгүй байгаа юм.
“Bank of China” бол ланжгар том банк. Өнгөрсөн долдугаар сард тус банкны Монгол дахь Төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Дай Синжун гэх эрхэм “...”Bank of China” -ийн 67 хувийг төр, 33 хувийг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Хувьцаа нь Хонконг, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Хэрэв “Bank of China” Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авбал зөвхөн Улаанбаатарт салбараа нээж, ажилчдынхаа тоог 40-өөс хэтрүүлэхгүй. Мөн хадгаламж хуримтлуулах гэх мэт үйл ажиллагааг тус банкнаас явуулахгүй. “Bank of China” олон улсад 600 орчим салбар бөгөөд Сингапур, АНУ, Их Британи, Франц зэрэг дэлхийн томоохон салбартай. Түүнчлэн Ази-Номхон далайд Филиппин, Малайз, Солонгос, Тайваньд салбартай. Удахгүй Энэтхэг, Мъянмар, Лаост шинэ салбарууд нээхээр төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдэж байсан юм.
Шууд утгаараа “Bank of China”-ийн актив хөрөнгө нь Монголын хөлөө олж ядаж байгаа хэдэн банк байтугай Монгол Улсыг тэр чигээр нь авчихаж дөнгөхөөр их гээд ойлгочиход болно. Өөрөөр хэлбэл, “Bank of China”-гийн чадал чинээ нь манай арилжааны бүх банкны активаас 182 дахин том юм.
“Bank of China”-гийн Төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Дай Синжун Улаанбаатарын эдийн заэсагчдын клубийнхэнтэй өнгөрсөн долдугаар сард уулзахдаа Хятадын банк хийгээд Монголын банкуудын харьцааны талаар тодорхой хэлжээ. Тэрээр”...Монголд салбараа нээх хүсэлтээ Монголбанкинд тавьчихсан. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна гээд “Bank of China” Монголд салбараа нээвэл бизнесийн төслийн санхүүжилт, дэд бүтэц, барилга, уул уурхай, амьжиргаа дээшлүүлэх гээд бүх л салбарт хамтран ажиллах боломжтой. Засгийн газрын томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн. Жижиг дунд бизнесийн санхүүжилт дээр туршлагатай ч энэ зах зээл дээр дотоодын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй гэсэн бодлого барина. Хадгаламж дээр ч Монголын банкуудтай өрсөлдөхгүй...” гэж байв. Мөн “Монголын эдийн засаг бол их хэмжээний мөнгө оруулж үр ашиг хүртэхээр том зах зээл биш. Жижигхэн эдийн засагтай. 2012 онд анх удаа 10 тэрбум ам.доллар хүрсэн эдийн засаг. Гадны том банк орж ирээд ашигтай ажиллах зах зээл биш. Төгрөгийн ханш нь гэхэд богино хугацаанд их хэмжээгээр унасан, инфляци өсөлттэй гээд сөрөг үзүүлэлт ихтэй зах зээлд салбараа нээх эрсдэлтэй” гэж ярьж байв. “Bank of China”-гийн төлөөлөгч энэ үгээрээ Монголд ашиг олох зорилгоор салбараа нээх гээгүй гээд шуудхан хэлчихэж. Тэгвэл юуны төлөө, ямар зорилгоор жижигхэн зах зээл рүү зүтгэнэ вэ?
Энэ асуултад чухам ямар хариулт ирэх нь тун сонин байгаа юм. Үүний зэрэгцээ хамгийн түрүүнд анхаарах асуудал бол “Bank of China” хэмээх дэлхийд данстай аварга загас Монголд ороод ирвэл манай арилжааны банкууд яах вэ гэдэг асуулт босч ирнэ. Манай арилжааны банкууд “Bank of China”-гийн дэргэд бол жараахай л гэсэн үг.
Өнөөдөр “Хаан”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Төрийн банк” гээд манайдаа томоохон банкууд Монголынхоо банк санхүүгийн зах зээл дээр байр сууриа олж, өөрийн орон зайг бий болгочихоод байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хэдэн банк мань мэтийнхээ санхүүгийн хөдөлгөөнийг зохицуулж болоод л байгаа. Түүнчлэн “Кредит”, “Ариг” /хуучнаар Эрэл/, Тээвэр хөгжлийн банк зэрэг “богино эргэлт”-ийн жижиг банкууд бий. Тэд мөн л өөрийн гэсэн зах зээлтэй, үйлчилдэг хүрээлэлтэй, болоод л байгаа. Дэлхийд хэрэглэгдэж байгаа банкны үйлчилгээнүүд Монголд хоцролгүйгээр нэвтрэх болсон нь Монголын арилжааны банкууд хөгжлөөс хоцроогүй илтгэж буй хэрэг.
Харин “Bank of China” ийнхүү хаалга тогшилгүй орж ирэх аваас банк санхүүгийн жижигхэн зах зээлийн хойморт сууж, Монголын арилжааны банкууд том жижиггүй зах зээлээсээ шахагдаж эхлэх нь тов тодорхой зүйл юм. Хамгийн энгийнээр хэлэхэд, “Bank of China”-гийн зүгээс хамгийн бага хүү амласан зээл гаргана. Харилцагчийг татдаг банкны хамгийн энгийн, эхний арга бол энэ. Тиймээс харилцагчдын урсгал “Bank of China” руу зүглэж манай банкууд хэцүүднэ гэсэн үг.
Мөн “Bank of China” орж ирснээр үйл ажиллагаа нь өргөжин тэлэхийн хэрээр дан ганц валютаар хийдэг бүтээгдэхүүн үйлчилгээнд төвлрөх бус төгрөгөөр хийдэг бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай болно. Энэ үедээ тэд төгрөгийн ханшид нөлөөлөх болон бусад зорилгоор зах зээл дэх байр сууриа тэлж, зах зээлийн шууд оролцогч болон хувирна гэсэн үг. “Bank of China” бол Хятадын төрийн дэмжлэгтэйгээр олон улсын харилцааны төвшинд ч, эдийн засгийн хүчин чадлаар ч тийм боломжтой.
Ер нь Монгол Улсын банк санхүүгийн зах зээлд “Bank of China” аль хэдийнээс гараа дүрчихсэн аж. Монголын уул уурхайн ихэнх лиценз энэ банкны барьцаанд байгаагаас үүнийг бэлхнээ харж болно.
Ийнхүү “Bank of China” Монголын банк санхүүгийн зах зээлийг атгахаар аажим аажмаар гэтсээр... Энэхүү аварга загас Монголд газардваас хамгийн түрүүнд жараахай шиг үзэгдэх арилжааны банкууд дампуурч алга болно. Тэр нь Монголын зах зээл тэр чигтээ “Bank of China”-гаас хамааралтай болно гэсэн үг болой.