Ч.Хашчулуун: Гадаадын төрийн банк салбараа нээвэл Монголбанк байтугай УИХ ч хянаж чадахгүй

2014 оны 9 сарын 17

БНХАУ-ын төрийн өмчит "Bank of China" Монголд салбараа нээх сургаар манай улстөрч, эдийн засагчид байр сууриа илэрхийлж эхэлсэн. Монголын банкуудын холбоо ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан тоотоор хандаж дүгнэлт хүргүүлсэн бол эдийн засгийн асуудлаар мэргэшсэн хэсэг судлаач тусгай судалгаа хийжээ. Тус судалгааны багийн зөвлөхөөр ажилласан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Эхлээд судалгааны үндсэн зорилго, ямар мэргэжлийн хүмүүс багтсан, та ямар үүрэгтэй оролцсон гэдгээс яриагаа эхлэх үү?

-Зөвхөн ардчилсан төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засагтай гэлтгүй аливаа төр засаг улс орныхоо хэмжээний ямар нэгэн томоохон шийдвэр гаргахдаатухайн асуудлаар бодлогын судалгаа хийдэг. Төрийн мэдэлд, Засгийн газар нь дэргэдээ судалгааны ийм томоохон байгууллага, бүтэцтэй улс орнууд олон бий. Энэ утгаар нь харвал Монгол Улсад гадаадын төрийн өмчит банк салбараа нээх, үгүй нь бодлогын судалгаа хийх үндсэн сэдэв мөн. Тийм учраас манай баг гаднын төрийн мэдлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулбал нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалсан. Миний бие энэхүү судалгааны   зөвлөхөөр   ажиллаж,   Австралид   сурдаг магистр зэрэгтэй монгол судлаачид судалгааг гардаж хийсэн.

-Судалгааны дүн гэх үү, дүгнэлт гэх юм уу, тэндээс харвал гадаадын төрийн өмчит банк Монголд салбараа нээхэд эерэг, сөрөг аль тал нь давамгайлж байна вэ?

-Мэргэжлийн хүмүүсийн хийсэн бодлогын судалгаа учраас дүгнэлт гэж ярих нь зөв л дөө. Хэрвээ салбараа нээх гэж байгаа банк нь арилжааных бол энэ нь асуудалгүй. Тэнд жам ёсны, зах зээлийн эрүүл өрсөлдөөн явна. Тийм учраас бид салбараа нээх гэж байгаа банк нь гадаадын төрийн мэдлийнх бол Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг илүү анхаарч судалсан. Ерөнхийдөө аюултай, сөрөг үр дагавар нь илүү байна гэж дүгнэсэн.

-Жишээлбэл ямар?

-Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш  жилийн  хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна.

-Та гаднын банк стратегийн салбаруудад зээл их хэмжээгээр өгнө гэж байна. Гэхдээ манай улс гадаад зах зээлээс бонд босгож, түүнийгээ стратегийн салбарууддаа хөрөнгө оруулалт болгож өгч байгаа шүү дээ?

-Энэ бол нэг зээлдэгч биш олон хэрэглэгчээс авч байгаа ашгийн төлөө үйл ажиллагаа. Харин төрийнхөө мэдэл, бодлогоор үйл ажиллагаа явуулдаг гадаадын банк манай улсын нийгэм, эдийн засгийн гол салбаруудад дураараа зээл олгож эхэлбэл манай Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй. Тийм л эрхзүйн орчин Монголд байна, эдийн засгийн ийм схем эдийн засгийн орчинд байна. Хөгжиж байгаа орнуудын туршлагыг харахад гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулснаар тухайн улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул үүссэн байдаг. Тэгэхээр манай улс бусдын ийм бэлэн жишээнээс сануулга авч энэ асуудлыг эхлээд ҮАБЗ дээрээ ярьж шийдэх хэрэгтэй байх. Гэхдээ энд гаднын банкийг эсэргүүцэж байгаа юм ердөө байхгүй. Уг банкны өмчлөл нь гаднын төрийн мэдлийнх учраас л манай улсын дотоодын мөнгө, санхүүгийн бодлогод эрсдэл бий болгох аюултай гэдгийг хэлэх гээд байна. Салбараа нээх гээд ажиллаж байгаа гадаадын банкны буруу ч энд бас байхгүй. Харин өмчлөлийн хэлбэр, хожмоо үүсэх эрсдэлийг тооцохгүйгээр тэдэнд нээж болох ч юм шиг итгэл төрүүлж байгаа нь манайхны л буруу. Эцсийн шийдвэрийг Монгол Улс, монголчууд л гаргана. Биднийг шийдвэрээ гаргаагүй, зөвшөөрөөгүй байхад "Bank of China" орж ирээд бууриа засах боломжгүй. Өөрөөр хэлбэл, буруу нь тэдэнд биш, бидэнд байгаа юм.

-Хэрвээ гаднын банк салбараа нээвэл нэг талаар дотоодын банкуудын зээлийн хүү буурч, жижиг дунд үйлдвэрүүдэд олгох зээлийн хүртээмж нэмэгдэж, тэр хэрээр банкуудын өрсөлдөх чадвар сайжирна гэж ярьж байгаа шүү дээ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн олдоц нэмэгдэнэ гэж ярьж байгаа нь том эндүүрэл. Тийм юм байхгүй. Ингэж ярьж байгаа нь өнөө маргаашаа л харсан болчимгүй явдал. Олон улсын судалгаанаас харахад, гаднын томоохон банкууд салбараа нээсний дараа энэ үзүүлэлтүүд харин ч эсрэгээр эргэсэн байдаг. Тухайлбал, Энэтхэг, Пакистанд гаднын улсын төрийн мэдлийн банк үйл ажиллагаагаа явуулснаас болж жижиг дунд үйлдвэрийн зээлийн нөхцөл нь дордсон, дотоодын           хамгийн  сайн харилцагчдыг нь гаднын банк авч, зах зээлд нь сорчлох, ялгаварлан оролцох хандлага нэмэгдсэн байдаг. Манайд ч ийм өнгө төрх харагдаж байгаа. Монгол Улсын арилжааны банкуудад томоохон найдвартай харилцагчид тун цөөхөн байдаг. Энэ цөөн хэдэн найдвартай харилцагч нь гаднын төрийн мэдлийн банк руу шилжих юм бол дотоодын банкны систем мөхөлд орох эхний дохио болно. Ингэснээр манай улсад хамгийн эрчимтэй хөгжиж байгаа банк санхүүгийн салбар бүхэлдээ гаднын төрийн нөлөөнд хүчтэй автах эрсдэл бий болно.

-"Bank of China"-гийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ салбараа нээвэл эхний ээлжид томоохон аж нэгжүүдэд л зээл өгнө гэж мэдэгдсэн?

-Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийг тоолбол цөөхөн шүү дээ. Уул уурхай, дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа хэдхэн компани л бий. Энэ компаниуд гаднын төрийн мэдлийн банкнаас зээл авч эхэлбэл эргээд зээл авсан банкныхаа хараат байдалд орно. Үүнтэй зэрэгцээд Хятад улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд төрийн мэдлийн банк нь их хэмжээний зээл өгснөөр тэдний үйл ажиллагаа улам эрчимжиж, манай дотоодын аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх боломж хомс болно. Үүнээс үүдэж ялгаварлах байдал үүснэ. Энэ нь дотоодын зах зээлд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдана. Өрсөлдөөний нөхцөлийг харахад Хятадын зээлийн хүү маш бага байдаг. Бага хүүтэй тэр зээл манай зарим үндэсний аж ахуйн нэгжид олдохгүй л гэсэн үг. Тэд зээл авахын тулд зах зээл дээр Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг зөвшөөрөх хэрэгтэй болно. Энэ нөхцөлд тоглоомын дүрэм автоматаар л Хятадын хөрөнгө оруулагчдын талд шууд шилжинэ.

-Уул уурхайн томоохон компаниудын хувьд Хятадын төрийн мэдлийн банкнаас зээл авахын тулд гол барьцаа хөрөнгө нь ордын лиценз байх болов уу. Хэрвээ зээлээ төлж чадахгүй бол лицензээ шилжүүлэхээс өөр аргагүй болох уу?

-Тэгж таарна. Төр, хувийн хэвшлийн ямар ч банк зээлийнхээ барьцаанд алт болон өндөр төлбөртэй, үнэ буухгүй үл хөдлөх хөрөнгө л авахыг бодно. Орос улс нэлээд том нефтийн ордоо Хятадын талд өрөндөө өгсөн. Тажикстан улс өрөндөө газар тасдаж өглөө. Манайд ч бас ийм нөхцөл үүсч болзошгүйг үгүйсгэх аргагүй. Манай дотоодын аж ахуйн нэгжүүд их хэмжээний зээл авахын тулд үйлдвэрийн объект, төсөл, уурхайнуудаа барьцаалаад, дараа  нь зээлээ эргэн төлж чадахгүй байдалд орвол тэдгээр барьцаа нь бүгд хураагдана. Хэлбэр нь тухайн компанийн уурхай, төсөл хөтөлбөр, объектуудыг хураан авч байгаа мэт боловч хэтийн үр дагавар нь Монголын нийгэм, эдийн засагт сөргөөр тусч, нэг улсаас хараат байдал улам л нэмэгдэнэ.

-Хэрвээ "Bank of China" салбараа нээвэл зээлээ ам. доллараар олгох уу, эсвэл юаниар уу. Ер нь Хятадын төрийн мэдлийн банк Монголд салбараа нээвэл манай эдийн засагт Хятадын мөнгөний бодлого нэвтэрнэ гэх яриа хэр ортой вэ?

-Хятад улс юаниа олон улсын валют болгох бодлогыг баримталж байгаа. Тийм учраас Монгол шиг байгалийн баялагтай оронд төлбөрийг нь аль болох юаниар хийх сонирхол давамгайлж байгаа. Манайх бол чөлөөт эдийн засагтай, дэлхийн зах зээлд ид оролцож байгаа улс. Гэтэл нэг улсын мөнгөн тэмдэгтийн нөлөөнд орчихвол тус улсын хамаарал илүү хүчтэй болж эргээд гарахад хэцүү болно. Дээр нь тухайн банкны бодлого нь хаалттай байгаа нөхцөлд энэ эрсдэл улам л нэмэгдэнэ. Ер нь гаднаас орж ирж байгаа банкууд ихэвчлэн валютаар зээл өгөх сонирхолтой байдаг. Учир нь валютаар зээл олгосноор тухайн банкинд ямар нэгэн эрсдэл байхгүй. Валютаар зээл өгч эргээд хүүгээ валютаар авна. Гэтэл манайд ханш маш их хэлбэлздэг шүү дээ. Тэгэхээр ам.долларын зээл авчихаад төгрөгөөр хүүгээ төлье гээд тухайн үеийн ханшаар шилжүүлэхэд ханш унасан байвал асар их хэмжээний хохиролд ордог. Манай томоохон компаниуд, жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд ам.долларын зээл авах сонирхол байдаг боловч эргээд зээлийнхээ эргэн төлөлт дээр асуудал үүсдэг. Тиймээс их хэмжээний ам. долларын зээл авахад эрсдэл өндөр байдаг. Хоёрт, гаднын банк аж ахуйн нэгжүүдийн хамгийн ашигтай ажиллаж байгааг сорчлон зээл олгож, найдвартай, томоохон компаниудыг нь өөртөө татдаг. Үлдэж буй жижиг дунд үйлдвэрийн зээлийн эрсдэл нь өндөр учраас зээлийн хүү нь өсдөг.

-Дотоодын арилжааны 13 банкийг Монголбанк бодлогынхоо хүрээнд нэгтгэж, хяналт шалгалт хийж зохицуулдаг. Гэтэл гаднын томоохон банк салбараа нээхэд манай Засгийн газар болон Монголбанк хяналт шалгалтхийх боломжгүй гэдгийг та хэллээ. "Bank of China" салбараа нээвэл арилжааны зээл олгохгүй томоохон төсөл хөтөлбөрт зээл олгоно гэж ярьж байгаа ч хяналт шалгалтын механизм байхгүй учраас арилжааны зээл олгосон ч бид яаж ч чадахгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Одоогийн байдлаар хяналт шалгалтын тогтолцоо бүрдээгүй. Ер нь гаднын банк орж ирээд ямар байдлаар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг эрх зүйн орчин харанхуй байна. Төлөөлөгчийн газрын статус нь тодорхой бус байна. Охин компани эсвэл салбар гэдэг статусаар орж ирэх үү гэдэг нь ч тодорхой бус. Ийм нөхцөлд дэлхийд хамгийн том банкны нэрээр орж ирэхэд нь "та нар дуртай юмаа хий" гэвэл дотоодын банкны салбарт хохирол гаргана, алдаагаа засах гэхэд аль хэдийнэ хожимдсон байх эрхзүйн орчинтой байна шүү дээ, бид. Өндөр хөгжсөн орнуудын банкуудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх нь зөв. Гэхдээ нэгд, эхлээд эрх зүйн орчноо сайн болгох хэрэгтэй. Ямар үйл ажиллагааг нь зөвшөөрч, ямрыг нь хязгаарлах вэ гэдгийг судлах нь хамгийн чухал. Хоёрт, хэрвээ гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулбал үр дагавар ямар байх уу. Үнэхээр манайд хэрэгтэй юү, эсвэл дотоодын зах зээлийн хамаг ашгийг хүртэж, Энэтхэг, Пакистан шиг өрөнд оруулаад гараад явахыг үгүйсгэхгүй. Мөн гаднын банк нэвтэрснээр дотоодын банкны салбар хямралд орж, хэдэн мянган хүн ажилгүй болох,  орон  нутагт үзүүлэх үйлчилгээ хумигдах уу, үгүй юү гэдгийг зөвшөөрөл өгөхөөсөө өмнө нарийвчлан судлах хэрэгтэй. Манай улсын банкны салбарт гаднын арилжааны, хувийн өмчлөлтэй банк бол бий. Тодруулбал, 2012 оны байдлаар банкны салбар дахь гадаадын хувь эзэмшилтэй банкууд 43 хувийг эзэлж байна. Монгол Улсын эдийн засагт олон орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэн ажиллах нь чухал. Харин анх удаа төрийн мэдлийн банк орж ирэх гэж байгаа учраас сайн судлах нь л зүйтэй. Гуравт, гаднын төрийн мэдлийн банк орж ирэх нь онцгой үзэгдэл. Хэрвээ ашгийн төлөө Япон, Солонгос, Америкийн арилжааны банк орж ирвэл үйл ажиллагаа нь харьцангуй ил тод байдаг. Тайлан судалгаагаа ил тод гаргаж, бирж дээр бүх хөрөнгө оруулагч нарт танилцуулдаг. Харин төрийн банкны үйл ажиллагаа, шийдвэр нь хаалттай байдаг. Шийдвэр, бодлого нь Засгийн газрынхаа эрх ашгийн дагуу л явна гэдэг нь гарцаагүй. Тэр нь манай Засгийн газар болон Монголбанкны бодлоготой нийцэж байна уу, үгүй юү гэдэг нь өөрөө асуудал. Манайх өөрийн нутагтаа санхүүгийн зээлийг хянах, удирдах, чиглүүлэх боломж нь хумигдана. Учир нь, Хятадын төрийн банкны ,өөрийн хөрөнгийн хэмжээ асар том шүү дээ. Манай дотоодын арилжааны банкуудын бүх хөрөнгийг нийлүүлээд ч "Bank of China"-гийн нэг хувьд нь ч хүрэхгүй. Ийм их, асар том хөрөнгөтэй банк орж ирж байгаа нөхцөлд манай олон жижиг банкуудыг нэг алхаад л үгүй хийнэ. Дараа нь бид сэргээж, нөхөж чадахгүй байдалд үлдэнэ шүү дээ. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа банк ашгийн төлөө л орж ирдэг, зээлийн хүүг нь бууруулж хүртээмжийг нь нэмэгдүүлж Монголыг хөгжүүлэх гэж орж ирэхгүй. Энэ бол тодорхой.

-Гаднын аль нэгэн улсаас хийж байгаа шууд хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын 1/3-ээс хэтрэхгүй байх хууль манайд бий. Хэрвээ төрийн мэдлийн банк нь орж ирвэл Хятад улсын хөрөнгө оруулалт хуульд заасан энэ хэмжээнээс давчих уу?

-Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсаас оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 1/3-ээс хэтрэхгүй байхаар заасан байдаг. Одоогийн байдлаар бол Хятад улсаас оруулсан хөрөнгө оруулалт энэ хэмжээнээс хэдийнэ хэтрээд явж байгаа. Хэрвээ Хятадын хөрөнгө оруулалттай том компаниуд дээр төрийн мэдлийнх нь банк орж ирвэл энэ хоёрын хослол илүү л нөлөөтэй болно. Монголын компаниудад өгөхгүй байгаа, олдохгүй байгаа зээл Хятадын хөрөнгө оруулалттай компанид олгоно. Өөрөөр хэлбэл, зээлийн нөхцөл ялгаварлалтай болно гэсэн үг. Дотоодын үндэсний компаниудад өрсөлдөх боломж гарахгүй. Тиймээс зэргэцүүлээд аль болох гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, эрүүл өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Мэдээж Хятадын төрийн өмчийн банк, тус улсын компаниудтай хамтран ажиллалгүй яах вэ, ажиллах ч болно. Тэгэхдээ аль болох дотоодын зах зээлд оролцохгүйгээр арилжааны банкуудаар дамжиж эсвэл Засгийн газраар дамжиж үйл ажиллагаа явуулахыг дэмжих нь зүйтэй.

-Хэрвээ салбар байгуулах зөвшөөрөл олговол хөрөнгө оруулах, зээл олгох чиглэлийг хязгаарлах боломжтой гэж зарим хүн ярьж байгаа. Гэтэл таны хэлж байгаагаар Төв банк, Засгийн газар ч хяналт тавьж чадахгүй, боломжгүй юм биш үү?

-Аливаа нэг банк салбараа байгуулахад тодорхой чиглэл, хязгаарлалттай байж болно гэсэн яриа байдаг боловч өнөөдрийн манай хууль эрх зүйн орчинд огт тийм зүйл байхгүй. Юуны үндсэн дээр хязгаарлалт тавьж, юуг зөвшөөрөхийг хэн ч мэдэхгүй. Ийм нөхцөлд гэрээ байгуулах нь утгагүй болно. Оюутолгой төсөл дээр Ашигт малтмалын хууль байгаа учраас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Монголын Засгийн газар өөртөө 34 хувийг авч байсан бол гаднын банк орж ирэхтэй үүсэх харилцааг сайн судалж, боловсронгуй болгосон эрх зүйн орчин одоогоор байхгүй. Тиймээс банкны тогтолцоонд нэг оролцогчоос тодруулбал, гаднын төрийн мэдлийн банкны салбараас хараат байдал нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал харшилна.Тиймээс хууль эрх зүйн орчноо бий болгоогүй цагт үйл ажиллагаагаа явуулах нь аюултай. Энэ нөхцөлд хамтран ажиллах, Төвбанк болон Засгийн газраар дамжуулан үйл ажиллагаа явуулах нь зөв.

-Зарим хүн гаднын томоохон банкийг дагаж их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хөрөнгө оруулалт татах сайхан боломж. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гаднын төрийн мэдлийн банкны салбарыг байгуулж, ядуу амьдарснаас хэн нэгнээс хамааралтай баян амьдарсан нь дээр гэх юм. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Даяаршсан дэлхийд бие биеэсээ тодорхой хэмжээнд хамаарах явдал байгаа. Огт хамааралгүй холбоогүй явна гэвэл худлаа. Харин энэ хамаарлаа хийхдээ өөрсдөдөө хамгийн ашигтай хувилбараар боловсруулах ёстой. Тийм учраас л илүү судлах хэрэгтэй. Манай ямар салбарт хамаарал байж болох вэ, ямар нөхцөлд багасгах, эсвэл нэмэгдүүлэх вэ гэсэн нэгдсэн бодлого байх ёстой. Тухайлбал, манай улс нийт экспортынхоо 90 хувийг нэг улс руу гаргаж байгаа нөхцөлд улам нэмэгдүүлэхэд сөрөг тал нь илүү болно. Нөгөө талд шатахууныхаа дийлэнхийг нэг улсаас авч байна. Энэ улсаасаа худалдан авалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэвэл бас л сөрөг талтай. Тэгэхээр нөхцөлийг нь сайн судалж нэг талын хамаарлаа зөв эрүүл, өөртөө ашигтайгаар байлгаж, хэрэгтэй бол шинэ харилцаа холбоо үүсгэх хэрэгтэй. Зөвхөн хоёр хөрштэйгөө тулж харилцаж болохгүй. Манай хоёр хөрш том нь үнэн боловч дэлхийн санхүүгийн зах зээл дээр бидэнд гуравдагч хөрш гэж бас бий. Тэдэнтэйгээ харилцаагаа тасалж болохгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд компанийн засаглалыг сайжруулах хэрэгтэй гэж ярьж байгаа. Тэр үнэн л бол ганц банкны ч биш, бүх л салбарт гадаадын төрийн өмчит компанийг дотоодын зах зээл рүүгээ оруулахыг цаашид хязгаарлах нь зөв. Төрийн өмчийн компани бол тухайн улсынхаа төрийн бодлогыг хэрэгжүүлдэг субъект гэдгийг санах хэрэгтэй. Харин аж ахуйн нэгж, хувьцаат компани байвал тэр нь зах зээлийнхээ ном журмаар ажилладаг хэвийн байгууллага. Ийм компаниудтай хамтарч ажиллахад манай засаглалд ч сайнаар нөлөөлнө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8851
0 эможи
keyboard_arrow_up