Монгол улс дэлхийн 126 оронтой худалдаа хийжээ
Үндэсний статистикийн хороооос гаргасан 2014 оны эхний 8 сарын Макро эдийн засгийн үзүүлэлт:
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, улсын хэмжээнд 2014 оны 8 дугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувь, оны эхнээс 7.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.7 хувиар өслөө. Ерөнхий индекс 2014 оны 8 дугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд боловсролын үйлчилгээний үнэ дүнгээрээ 16.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.6 хувь, орон сууц, ус,цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөнгөний нийлүүлэлт 8 сарын эцэст 10.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 55.0 тэрбум төгрөг буюу 0.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 их наяд төгрөг буюу 20.5 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2014 оны 8 дугаар сарын эцэст 880.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 20.5 тэрбум төгрөг буюу 2.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.3 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 8 дугаар сарын эцэст 12.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 113.0 тэрбум төгрөг буюу 0.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 их наяд төгрөг буюу 26.1 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 527.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 23.0 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 340.7 тэрбум төгрөг буюу 2.8 дахин өсчээ.
Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 8 дугаар сарын эцэст 620.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 20.3 тэрбум төгрөг буюу 3.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 155.2 тэрбум төгрөг буюу 33.4 хувиар өссөн байна.
Үнэт цаасны арилжаагаар 135.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 37.1 сая ширхэг үнэт цаас арилжигдсан нь өмнөх оны мөн үеийнхээс гүйлгээ 19.4 тэрбум төгрөг буюу 16.7 хувь арилжигдсан үнэт цаас 11.4 сая ширхэг буюу 44.4 хувиар өссөн байна.
Монгол улс 8 сард дэлхийн 126 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7175.6 сая ам.доллар, импорт 3599.3 сая ам.доллар байна.
Нийт барааны эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 221.1 сая ам.доллар буюу 3.2 хувь, экспортын хэмжээ 878.5 сая ам.доллар буюу 32.6 хувиар өсч, харин импортын хэмжээ 657.4 сая ам.доллар буюу 15.4 хувиар буурчээ.