Хөгжлийн банк: Дэлхийн банктай хамтран эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И. Батхүү Дэлхийн банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгч Викториа Делмон тэргүүтэй санхүүгийн салбарын ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Хөгжлийн банкны шинэчлэл, засаглалыг бэхжүүлэх, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эцэслэн боловсруулагдсаныг дурдаж, тус банкийг бодлогод суурилсан хөгжлийн санхүүгийн байгууллага болгон хөгжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилтыг онцлов.
Дэлхийн банк группээс Хөгжлийн банкны институтийн болон санхүүгийн чадавхыг бэхжүүлэх, банкны дэргэд холимог санхүүжилтийн платформ байгуулах замаар дэд бүтцийн урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлэх санал танилцуулав. Платформын хүрээнд Засгийн газрын баталгаатайгаар Дэлхийн банк группийн Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (IBRD)-ны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг эхний шатанд олгохоор төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа зээлийн чанар сайжруулах бусад хэрэгслээр дамжуулан бусад олон улсын санхүүгийн байгууллага болон хувийн хөрөнгө оруулагчдаас нэмэлт санхүүжилт татаж, тэргүүлэх төслүүдэд нийт 1 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилт бүрдүүлэх боломжийг судалж байгаа болохыг танилцуулав.

Энэхүү саналтай холбогдуулан, Төрийн нарийн бичгийн даргын зүгээс Монгол Улсын эрх зүйн орчин, төсөв, гадаад өрийн хязгаарлалт, болзошгүй эрсдэл, нөлөөллийг харгалзан үзэх шаардлагатайг онцлон тайлбарласан бөгөөд талууд дээрх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж, боломжуудыг нарийвчлан судлахаар тохиролцлоо.









