МОНГОЛБАНК: Зээлээ төлөхөд хүндрэлтэй иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 48 САР ХҮРТЭЛ СУНГАХ шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд хэрэглээний зээлийн хугацаа болон өр, орлогын харьцааны зохицуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал, санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн цалин, тэтгэвэр, малчны болон автомашины зээл зэрэг холбогдох зохицуулалтад хамаарах хэрэглээний зээлийн хугацааг нэмэлт зээл олгохгүйгээр нийт 48 сар хүртэл сунгах боломж бүрдэх юм.
Ингэснээр иргэд одоо байгаа зээлийнхээ төлөх хугацааг уртасгаж, сар бүр төлөх мөнгөн дүнгээ бууруулах боломжтой.
Одоогийн зохицуулалтаар өр, орлогын харьцаа болон зээлийн хугацаанд тавьсан хязгаарлалт нь зээлийн бүтцийн өөрчлөлтөд мөн үйлчилдэг. Үүний улмаас санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, сар бүр төлөх төлбөрийг бууруулах боломж хязгаарлагдмал байжээ.
Монголбанкны мэдээлснээр 2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбарт зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагийн 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.
Түүнчлэн өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн нь 2025 оны есдүгээр сарын 6.4 хувьтай дүйж буй.







