Монголын ногоон санхүүгийн корпорацийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монголын ногоон санхүүгийн корпораци (МНСК)-ийн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 72 дугаар тогтоолоор ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 13.0 сая ам.доллартай дүйцэх хэмжээний зээл, 5.0 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг МНСК-д олгохоор шийдвэрлэсэн.
Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк нь энэ оны зургаадугаар сард өөрийн охин компани болох “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Ди Би Эм Ногоон Хөгжил Хувийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан МНСК-д 5.0 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалтыг хийсэн юм.
Дээрх хөрөнгө оруулалтаар Монголын ногоон санхүүгийн корпораци нь ногоон барилгын стандартын дагуу баригдах амины орон сууцны ипотекийн зээл болон байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ.
Энэ нь Монгол Улсад ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ногоон төслүүдэд урт хугацааны санхүүжилт хүргэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит алхам болж буйг талууд онцоллоо.







