Д.Хүрэлбаатар: Банкны мэдээллийн технологийн ажилтны хамгийн чухал чанар бол өндөр ёс зүйтэй байх гэж би боддог

2026 оны 7 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банкны 15 жилийн ойг тохиолдуулан бэлтгэн хүргэж буй “Бидний нэг” цуврал ярилцлагын энэ удаагийн дугаартаа Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хүрэлбаатарыг урилаа. Тэрбээр Хөгжлийн банкны ууган ажилтнуудын нэг бөгөөд, 15 дахь жилдээ ажиллаж буй мэдээллийн технологийн мэргэжилтэн юм. Түүнтэй ажил, мэргэжлийн замнал болон хувийн сонирхлын талаар ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулж, ажлын гараагаа хаанаас эхэлснээ бидэнтэй хуваалцаач?

-Би 1997 онд Баянхонгор аймгийн Нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. Тухайн жилдээ Монгол улсын Мэдээлэл зүйн олимпиадад аймгаа төлөөлж, оролцоод 3 дугаар байр эзэлж байлаа. Үүний ачаар МУИС-ийн Математик, компьютерын сургуулийн Программ хангамжийн ангид урилгаар элсэж, 2001 онд програм зохиогч мэргэжлээр төгссөн.

Энэ мэргэжлийг сонгосон гол шалтгаан нь гэр бүлийн минь орчин байсан. Миний аав Баянхонгор аймгаас олон чадварлаг математикч төрүүлж гаргасан, математик, мэдээлэл зүйн хичээл заадаг Монгол Улсын Гавьяат багш. Ах маань мөн МУИС-ийг программ зохиогч мэргэжлээр төгссөн бол эгч нар маань санхүү, математикийн мэргэжилтэй хүмүүс байдаг.

Ажлын гараагаа 2002 онд Монгол Шуудан банкны Мэдээллийн технологийн хэлтэст мэргэжилтнээр эхэлсэн. Тухайн үед Монгол улсын бүх аймаг, суманд салбар, тооцооны төвтэй арилжааны том банк байсан юм. Анхны даалгавар маань мөнгөн гуйвуулгын программ бичих байлаа. Интернэт банк гэж байхгүй, банкны гол үйлчилгээ нь мөнгөн гуйвуулга л байсан цаг үе. Тэр үед оюутнууд аав, ээжээс нь явуулсан мөнгийг урт дараалалд зогсож авдаг байлаа шүү дээ. Жижигхэн ч гэсэн тэр программыг бичсэнээр олон хүний ажил, амьдралд нөлөө үзүүлсэн нь одоо ч миний хувьд бахархалтай санагддаг. Монгол Шуудан банкнаас олон талын мэдлэг, туршлага олж авсан даа. Тэнд тасралтгүй 9 жил ажилласны дараа Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдаж, анх удаа ажлаа сольж байлаа.

-Хөгжлийн банканд ажиллах шийдвэрээ хэрхэн гаргаж байв?Анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

-2011 онд Засгийн газрын шийдвэрээр гадаадын менежментийн удирдлагын багтай шинэ банк байгуулагдаж, ажлын байрны зар гарсныг сонирхтол гүйцэтгэх чиг үүргийг нь харахад надад тохирсон, миний чадах ажил юм шиг санагдаж анкетаа өгсөн юм. Удалгүй тухайн үед Солонгосоос томилогдон ажиллаж байсан Мэдээллийн технологийн хэлтсийн захирал Ким Чён Ду намайг уулзалтад дуудлаа. Нэлээн удаан ярилцсаны эцэст тэр надаас "Чи энэ ажлыг хариуцлагатай бас тогтвор суурьшилтай хийж чадах уу?" гэж асуусан. Би итгэлтэйгээр "Чадна" гэж хариулж, удалгүй шинэ ажилдаа орж байлаа. Энэ мөчийг би одоо ч мартдаггүй юм. Тухайн үед бид хоёрхон сервертэй, тэдгээрээ төмөр тавиур дээр байрлуулж, нэг өрөөг "серверийн өрөө" гэж нэрлээд, банкны санхүүгийн программаа нэвтрүүлж, ажлаа эхэлж байсан юм.

Arslan.mn

Нэг дурсамжаа та бүхэнтэй хуваалцвал, 2013 онд би том хагалгаанд орж, гурван сарын чөлөө аваад гэртээ байлаа. Нэгэн өдөр Гүйцэтгэх захирлын нарийн бичгийн дарга утасдаж, “Захирал тантай уулзаж, гэрт чинь очиж болох уу?” гэж асуусан. Би маш их гайхсан. Захирал маань “Манай ажилтан хагалгаанд орж өвдсөн бол бид анхаарах ёстой” гэж хэлсэн байсан. Тэр үед банканд таван Солонгос захирал ажиллаж байсны гурав нь, тэр дундаа Гүйцэтгэх захирал өөрөө манай гэрт хүрэлцэн ирж, эхнэрийн минь хийсэн хоолыг идэж, дөнгөж төрсөн бага хүүг минь өхөөрдөж байгаад явцгаасан юм. Тэд анх удаа монгол айлд зочилж байгаадаа маш их баяртай байгаагаа илэрхийлсэн. Энэ явдлаас солонгос хүмүүс ажилтандаа хэр их анхаарал, үнэн сэтгэлээ хандуулдгийг харж, тэднийг маш их хүндэтгэж байсан.

-Та ажиллах хугацаандаа юунаас хамгийн их урам зориг авч, ямар чухал ажилд оролцож байв? Түүний үр дүнд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Банканд ажилласан 15 жилийн хугацаанд хамт ажилласан авьяаслаг, чадварлаг мэргэжилтнүүд миний хамгийн том урам зориг байлаа. Тэднээрээ би үргэлж бахархдаг. Мөн банкны үндсэн бүртгэлийн системийг хариуцаж, бусад газруудтай хамтран олон төслийг эхнээс нь дуустал хийж, амжилттай нэвтрүүлж байсан тэр мөчүүд надад хамгийн их урам зориг өгдөг байсан.

Хамгийн чухал ажил гэвэл 2018 онд банкны хуучин, аппликейшн-суурьтай бүртгэлийн системийг веб-суурьтай шинэ системээр сольж нэвтрүүлсэн ажил байлаа. Энэ төсөлд би бүх өгөгдлийг хөрвүүлэх ажилд голлон оролцсон. Энэ нь манай банкны бүртгэлийн системийн томоохон дэвшил болж байлаа. Учир нь энэ систем нь нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоо, зээл, хөрөнгө оруулалт, хадгаламж зэрэг банкны бүх үйл ажиллагааг хамардаг тул маш хариуцлагатай, чухал төсөл гэж үнэлэгддэг.

Нэмж хэлэхэд, банкны мэдээллийн технологийн ажилтны хамгийн чухал чанар бол техник, технологийн мэдлэгээс гадна мэдээллийн нууцлалыг чанд сахиж, байгууллага болон харилцагчийн мэдээлэлд хариуцлагатай хандах явдал юм. Өндөр ёс зүйтэй байх нь энэ ажлын хамгийн гол онцлог бөгөөд үнэ цэнтэй зүйл гэж би боддог.

Би ямар нэг ажлыг тодотгож "Энэ л хамгийн үр дүнтэй ажил байсан" гэж ярихаас илүүтэй, хэлтсийнхээ хамт олны хийж бүтээсэн ажлыг нэгдүгээрт тавих дуртай. Учир нь банканд ганц программ нэвтрүүлснээр асуудал бүрэн шийдэгддэггүй. Мэдээллийн технологи, мэдээллийн болон кибер аюулгүй байдлыг хангасан техник, программ хангамж, дэд бүтцийг хамтдаа бүрдүүлж байж л систем тасралтгүй ажиллах нөхцөл бий болдог.

Манай хамт олны хийж буй ажил гаднаас харахад ил харагддаггүй ч банкны мэдээллийн технологийн орчныг тогтвортой, аюулгүй, найдвартай байлгаж, харилцагчдад санхүүгийн үйлчилгээг тасралтгүй хүргэх үндэс суурийг тавьдаг. Банкны хэвийн үйл ажиллагааг хангахад бодит хувь нэмэр оруулж байгаа нь бидний ажлын хамгийн том үр дүн гэж боддог.

-Хамгийн их сургамж авсан, эсвэл мартагддаггүй дурсамжаасаа бидэнтэй хуваалцвал?

-Хамгийн их сургамж авсан нэг тохиолдлыг тодруулж хэлэхэд хэцүү. Учир нь банкны мэдээллийн технологийн салбарт ажиллана гэдэг өөрөө өдөр бүр шинэ зүйл сурч, шинэ сургамж авдаг ажил.

Банкны систем 24/7 тасралтгүй ажиллах ёстой чухал дэд бүтэц учраас байнга бэлэн байх шаардлагатай. Шөнө унтахдаа ч утсаа унтраадаггүй. Ямар нэг асуудал гарвал шөнө дунд ч ажил дээрээ очиж, нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргах тохиолдол цөөнгүй гардаг.

Заримдаа ус, цахилгаан тасрахаас эхлээд системийн жижиг доголдол хүртэл маш том эрсдэл дагуулдаг. Ийм тохиолдол бүрээс миний олж авсан сургамж бол асуудлыг тусад нь бус, түүнийг бүрдүүлж буй бүхэл бүтэн системээр нь харж, шалгах явдал юм. Тийм учраас би аль болох эрт ажилдаа очиж, гол сүлжээ, системүүдээ хэвийн эсэхийг шалгаад, мэргэжилтнүүддээ анхаарах ёстой зүйлсийг тодорхойлж өгснийхөө дараа өдрийн ажлаа төлөвлөдөг. Ингэснээр ажил хамаагүй амар болдог.

Бас нэг хөгжилтэй, дурсамжтай түүхээ хуваалцвал, анх ажилдаа шинээр орсон үед тохиолдсон явдал юм. Дээр өгүүлсэн солонгос захиралтай ажиллаж байх үед манай Мэдээллийн технологийн хэлтэс Эрсдэлийн удирдлагын газарт харьяалагдаж, хэлтэст хоёрхон мэргэжилтэн ажилладаг байлаа. Газрын захирал ч мөн солонгос хүн байв. Хэлтсийн ажлаа тайлагнах анхны хурал дээр газар, хэлтсийн захирлууд биднийг хүлээж байлаа. Гэтэл би тайлангаа монголоор бичсэн байсан юм. Бид хоорондоо голдуу англи хэлээр ойлголцдог байсан тул тайлангаа англиар унших ёстой байсан ч би тайлангаа монголоор уншиж эхэлсэн. Уншиж байхдаа хоёр захирал руу харвал юу ч ойлгохгүй нүд алдран сууж байгааг харсан ч тайлангаа эцэс хүртэл нь монголоор танилцуулсан. Дараа нь өрөөнд хэсэг чимээгүй болсны эцэст дөрвүүлээ бие биенээ хараад маш чанга инээж, "За, орчуулаад дараа дахин уулзацгаая" гээд хурлаа дуусгаж билээ. Тэрнээс хойш би тайлангаа англи хэлээр танилцуулдаг болсон.

-Та шинэ ажилтан, залуу мэргэжилтнүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Залуус аа, хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өөрийн мэддэг, чаддаг зүйлээ хамт олондоо харамгүй хуваалцаж байгаарай. Ажил дээр эвгүй асуудал гарах, хүнтэй үл ойлголцох тохиолдол гарвал өөрийгөө битгий шаналгаж, дотроо хадгалж яваарай. Асуудлыг аль болох хурдан шийдэж, ард нь гарч, өөрийгөө сэтгэл санаагаар чөлөөлж байгаарай. Мөн хамт олон, захирал, албан тушаалтан, үйлчилгээний ажилтан гээд хэн байсан ч тэднийг үргэлж хүндэтгэлтэй хандаж байвал тэр хүндлэл эргээд танд, хэдэн жилийн дараа ч бай үргэлж сайхнаар эргэж ирдэг гэдгийг л захимаар байна.

- Та ямар сонирхол, хоббитой вэ? Таны ажилд эерэг нөлөөлөл үзүүлдэг үү?

-Миний хобби бол загас, амьтан тэжээх явдал. Хэдэн жилийн өмнө ажлын ширээн дээрээ аквариум тавьж, хоёр том загас тэжээж байсан юм. Гэтэл нэг өдөр тэр хоёр түрс шахаж, хэдэн мянган жараахай гаргаж байв. Тэр үед хамт ажиллаж байсан хүмүүс үүнийг сайн санаж байгаа байх. Одоо ч гэсэн тэр сонирхолоо сэргээх гэж аквариум хажуудаа бэлдчихсэн ч завгүй ажлын хажуугаар цаг гарахгүй л байна.

Манай мэргэжлийн хүмүүс өдөржин компьютерийн өмнө сууж, оюуны ачаалал ихтэй ажилладаг тул мэдэгдэхгүй атлаа байнгын ядралтай явдаг. Тийм учраас загас тэжээж, харж суух нь зөвхөн хобби төдийгүй сэтгэл санаанд их тайвшрал өгдөг. Яг ямар гэдгийг үгээр тайлбарлахад хэцүү, гэхдээ маш тайван, гоё мэдрэмж төрүүлдэг зүйл.

-Хөгжлийн банк 15 жилийн дараа ямар байна гэж та бодож байна вэ?

-Ажлын шугамаар би Солонгосын Хөгжлийн банк (KDB) болон Хятадын Хөгжлийн банкны (CDB) үйл ажиллагаатай танилцах завшаан олдож байсан. Энэ хоёр том улс өнөөгийн хөгжилдөө хүрэхэд тэдний Хөгжлийн банк маш том нөлөө үзүүлсэн түүхийг сонсоод, би маш их бахархал төрж, манай банк ч мөн адил ийм түүх бүтээсэн байх ёстой гэж мөрөөддөг юм. Цаг хугацаа өнгөрсөн ч энэ хүсэл минь хэвээрээ байна.

15 жилийн дараа Монгол Улс ингэж хөгжсөн нь Хөгжлийн банкны зөв бодлого, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдтэй салшгүй холбоотой гэдгийг хүн бүр мэдэж, ам дамжуулан ярьдаг сайхан үе ирээсэй гэж хүсэж байна.

-Баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669818
0 эможи

keyboard_arrow_up