Банкууд 1% шимтгэл зогсоовол ипотекийн зээлийн ХҮҮ НЭМЭГДЭНЭ гэв
Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж шийдвэр гаргасан.
Тэгвэл Монголын банкны холбооноос “ШӨХТГ-аас нэр бүхий есөн банк дээр 2021 оноос өмнөх ипотекийн 8 хувийн зээл авсан иргэдээс нэг хувийн шимтгэл авах нь буруу гэж дүгнээд 20 сая төгрөгөөр торгосон. Банкууд уг торгуулийг буруу шийдвэр гэж үзсэн учраас шүүхдэж байгаа асуудал. Гэтэл энэ кэйсийг улс төрийн зорилгоор ашиглаад шимтгэл авах нь буруу, нэг хувийг буцааж олгоно гэх мэт ойлголт төрүүлэхээр оролдож байна. Банкуудын зүгээс шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна. Мэдээж хэрэг дээд шүүхэд хандах гээд дараагийн процесс байгаа. Банкууд ялагдсан нь нэг хувийн шимтгэлийг буцааж олгоно гэсэн шийдвэр биш. Зээлдэгч шимтгэлээ буцааж авна гэвэл иргэн бүр дээр шүүхийн процесс үүснэ гэсэн үг. Өнөөдөр дэлхий нийтээрээ зээлээс шимтгэл аваад явж байгаа. Шимтгэл авдаггүй ганц хоёр улс байдаг нь бүх банк нь улсынх, зээлийн хүү нь 30 хувь байдаг. Шимтгэл, хураамжийг авч болно гээд хуулианд заачихсан.
Цаашдаа нэг хувийн шимтгэлийг авах нь буруу гэж дүгнэвэл зээлийн хүү нэмэгдэх сөрөг үр дагавартай. Энэ мэт учир шалтгаан, үндэслэлийг бүгд ойлгож байгаа ч улс төрийн оноо авах гэсэн үйлдэл болгоод байна” гэжээ.