Арилжааны банкны удирдлагууд ченжүүдтэй хуйвалдаж зохиомлоор долларын хомсдол үүсгэж байна гэв
Арилжааны банкууд долларын гүйлгээнд хязгаарлалт тавиад эхэлжээ. Өчигдрийн байдлаар өдөрт 20 сая төгрөг буюу 6000 ам.доллараас илүү гүйлгээ хийхээ зогсоогоод байна. Зарим банкууд доллар ч гаргахаа больж. Банкууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоогоод буй энэ үед доллар хайсан хүмүүсийн урсгал вальют арилжааны Найман шарга зах руу шуурч байна. Өчигдөр өдрийн 12:00 цагийн орчимд тус төвд очиход нүдний гэм болоод буй доллар хэдхэн ченжийн гарт чихрийн цаас шиг эргэлдэж байх юм. Тэд доллар сураглаж аргаа барсан хүмүүст аманд орсон үнээ хэлээд л хямсгардуухан царай гаргаад тамхиа сорох аж. Арга мухардсан иргэд ч үг дуугүй хэлсэн үнээр нь аваад л эргэж байх юм. Өчигдөр очиход доллар 3195 төгрөгийн ханштай байсан юм. Банкуудад хомсдоод буй долларыг гудамжинд зогсох ченжүүд боодол боодлоор нь бариад алхаж байгаа нь хачирхалтай. Тэдэнд хэвлэлээс яваагаа дуулгаж тодруулга мэдээлэл авахаар хандахад эрс дургүйцэж, тавхайсан зузаан долларын дэвсгэртүүдээ өвөртлөөд ум хумгүй зугтаад хаашаа ч юм алга болов.
н.Цэрэндорж: эрэлттэй үед банкууд дахь доллар Найман шаргад төвлөрдөг нь хачин санагддаг Доллар солиулаад гарч буй иргэн н.Цэрэндоржтой уулзаж цөөн хором ярилцлаа.
Доллар Найман шаргаас өөр газраас олдохгүй байна уу. Та хайж үзэв үү? -Банкууд хязгаарлалттай олгож байна. Яаралтай үед бол гаргаж өгч амжихгүй юм. Арилжааны банкуудаас өөр газраас доллар олдохгүй байна. Миний тухайд сая 10000 ам.доллар авлаа. Хүү маань гадаадад сурдаг юм. Сургалтын төлбөр нь нэхэгдээд эд нарын аманд орж авахаас өөр арга надад байсангүй. Ханшийн зөрүүнээс ойролцоогоор сая орчим төгрөгийн алдагдал хүлээлээ.
-Банкуудад үзэгдэхгүй байгаа доллар энд гудамжинд зогсдог ченжүүдийн гарт эргэлдэж байгаа нь хачирхалтай санагдах юм.
-Долларын ханшийг барьж, төгрөгийн ханшийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байгууллага нь Монголбанк. Энэ ченжүүдийг Санхүүгийн зохицуулах хорооноос шалгадаг л гэсэн. Тэд хоорондоо ямар харилцаа үүсгэдгийг мэдэхгүй юм. Ер нь эрэлттэй үед банкууд дахь доллар Найман шаргад төвлөрдөг нь хачин санагддаг. Өнгөрсөн хавар долларын нөөц байхгүй боллоо гээд л банкууд долларын гүйлгээ хийхээ больсон. Хил нээгдээд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ татаж эхэлсэн цаг л даа. Тухайн үед иргэд ченжүүдийн аманд ороод л хэлсэн үнээр нь авч байлаа. Өнөөдөр оюутнууд хичээл сургуульдаа явах, бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ татах зэрэг долларын хэрэгцээ өсч байна. Гэтэл мөн л доллар ченжүүдийн гарт төвлөрчихөж. Уг нь нүүрс урагшаа гарч байна гээд л Засгийн газраас мэдээлэх юм. Гэтэл яагаад хомсдол үүсчихдэг юм бол доо. Манайхаас зээлээр авч байна гэж баймааргүй л юм. Ойлгох юм үнэндээ алга. Банкинд доллар байхгүй болчихоод байхад энд хэдхэн нөхөр “хүссэн хэмжээгээр чинь гаргаад өгье” гээд аманд орсон үнээ хэлээд л зогсож байгааг юу гэж ойлгох вэ? гэв.
тамхи татаж зогсох захын ченж л 10000 ам.доллар атгачихаад хэдийг авах юм гээд зогсож байх. Арилжааны том банкууд л долларын гүйлгээндээ хязгаарлалт тогтоочихсон, зарим нь гүйлгээгээ зогсоосон ийм цаг үед тэр шүү. Хачирхалтай нь тэд хэвлэлийнхний сургаар л тарж бутраад алга болно.
Л.Энхбаатар: Арилжааны банкны гар хөл болсон улс төгрөгийн ханш унагаж байна Зарим ченжүүдийн ярьж байгаагаар бол энд удаан зогссон архаг нөхдүүд арилжааны банкны албан тушаалтнуудтай холбоотой болчихсон гэнэ. Вальют арилжааны Найман шарга төвийн лангуунд зогсдог Л.Энхбаатараас цөөн асуултад тодруулга авлаа.
-Найман шаргад долларын нөөц хэр байна вэ. Гадуур доллар сурагласан хүмүүс олон тааралдлаа.
- Доллар сурагласан хүний цуваа тасрахгүй байна. Ачаалал ч их байна. Өдийд долларын эрэлт ер нь өсдөг. Гадаадад сурдаг оюутнууд буцахад зардал хэрэг болно. Мөн гадаадын байгууллагуудтай хамтарч ажилладаг хүмүүс доллараар гүйлгээ хийдэг. Яаралтай эмчилгээнд явах шаардлага гарсан улсад ч доллар л хэрэг болно. Ийм хүмүүс түгээмэл орж ирж байна.
-Долларын нөөц хэр байна вэ?
- Өнөөдөр бол энд хомсдоод байгаа юм алга. Хангалттай байна. Гэхдээ энд дотоодын долларын нөөцийн тав хүрэхгүй хувь нь л эргэлддэг. Санхүүгийн зохицуулах хорооноос тогтмол шалгалт ирдэг.
-Банкуудад хомсдоод буй доллар энд хөглөрч байгаа нь сонин юм даа. Долларын хэрэгцээ гарсан иргэд хэдхэн ченжийн аманд орж үнэтэй авч байна шүү дээ.
-Банкуудад хомсдоод байгаа шалтгааныг нь сайн мэдэхгүй юм. Лангуунд зогсдог хүмүүс бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд л ажлаа хийдэг. Харин Найман шаргын гудамжаар доллар тэврээд алхаж байгаа ченжүүдийн олонх нь албан ёсны зөвшөөрөлгүй. Яг ийм долларын эрэлт нэмэгдсэн үед л хаанаас ч юм бөөнөөрөө гэнэт гараад ирдэг юм. Доллар хомс үед ингэж үнэтэй зарж байгаа нь мөнгө угааж байгаа гэмт хэрэг мөн шүү дээ. Санхүүгийн зохицуулах хорооноос өдөр тутам шалгалт явдаг. Энэ хүмүүсийг яагаад шалгадаггүй юм. Хажууханд хүртэл цагдаагийн хэлтэс байгаа. Цагдаадийн алаг машин цаг тутам л эргэлдэж байгаа харагддаг. Энд зогсоод нүдэн дээр нь мөнгө угааж иргэдийг дээрэмдэж байгаа хүмүүсийн хаагуур нь зөрөөд байдаг юм бол. Эндээс доллар аваад бараа захихад тэр дарамт иргэдийн нуруунд л ирнэ. Энд ченжүүдэд тушаасан мөнгөө бараан дээрээ нэмээд зарах нь хэнд ч ойлгомжтой. Худалдан авах чадваргүй бол бизнес эрхлэгчид л дамдуурна.
Эдийн засаг сүйрнэ л гэсэн үг л дээ. Хууль хяналтын байгууллага энд ажиллах хэрэгтэй байна. Энд онцлоход, ченж хийгээд доллар өвөртлөөд алхаж байгаа хүмүүс арилжааны банкны удирдах албан тушаалтнуудтай холбоотой. Энд лангуунд зогсдог хүмүүс бүгд мэднэ гэв. Тавхайсан зузаан доллар атгачихаад гудамжаар том том дуугарч алхах ченжүүдийн олонх нь арилжааны банкны удирдах албан тушаалтнуудтай холбоотойг энд лангуунд зогсох иргэд шууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, банкинд түгжсэн долларыг эндэхийн ченжүүдийн гараар дамжиж үнэ нь өсөөд иргэдийн гарт очиж байна. Төгрөгийн ханшны уналтаас мөнгө унагадаг хэрэгт төв банкны хэлтсийн дарга нарын нэр ч холбогддог бололтой. Доллар хэрэг болсон хэн бүхнийг ингэж шахах замаар ашиг олдог сүлжээ бий болсон нь Найман шаргын нэг өдрөөс ил цагаан харагдаж байна. Эдийн засагчдын зүгээс ч арилжааны банкны удирдах албан тушаалтнууд, салбар хэлтсийн дарга нар ченжүүдтэй үгсэн хуйвалдаж доллар гаргаж өгдгийг онцолж байгаа юм. Найман шарга төвийн гудамжаар цагдаагийн алаг тэрэг цаг тутам л холхих юм. Энэ зуураа төгрөгийн уналтаас мөнгө угаах ченжүүдийг анзаардаггүй нь хачирхалтай. Дээрх асуудлаар байр суурь авахаар Монголбанк руу хандахад хяналт тавьж ажилладаг гэхээс өөр тоймтой мэдээлэл өгсөнгүй.
О.Дашням