Хөгжлийн банкны хэрэг тойрсон хоёр, ГУРВАН “ЯВДАЛ”
Хавар эртээр сүр дуулиантай ил болсон Хөгжлийн банкны хэрэг зун дөхөхөд сураг алдарч эхэллээ. АТГ, ЭЦА-ны мөрдөгчид ажлаа дуусгажээ.
Тодруулбал, Хөгжлийн банкны 20 шахам хэрэгт холбоотой 70 гаруй хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг үндсэнд гүйцэтгэж дууссан байна. “Багц” хэргийн олонх нь прокурорын хяналтад шилжжээ.
Энэ “багц” хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд УИХ-ын нэр бүхий гишүүд бий. Шүүхээс тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хориглоод байна.
Хөгжлийн банкны хамгийн томоохон зээлдэгч гэгдээд баригдсан иргэн Д.Эрдэнэбилэгийн өгсөн мэдүүлэгтэй холбоотой мэдээлэл шуугиан тарьж эхэллээ. Түүнийг Х.Баттулгатай холбоотой “ам нээсэн” гээд байгаа юм.
Хамгийн сүүлд “...Х.Баттулга “...Эрдэнэтийн 49 хувийг аргалж өгнө” гээд иргэн Д.Эрдэнэбилэгээс 12 сая ам.доллар авчихсан байж болзошгүй” гэсэн мэдээлэл яригдаж байна. Гэхдээ иргэн Д.Эрдэнэбилэг тэгж мэдүүлсэн үү, мөрдөн шалгах явцад илэрсэн үү гэдэг нь тодорхойгүй байна.
Сураггүй шахам болсон Хөгжлийн банкны хэргээс иймэрхүү сураг гарлаа. Хууль хяналтын байгууллагынхан хуульд заасан өөрсдийн эрх, үүргийн дагуу хэргийг мөрдөн шалгаж байгаа юм байна. “...Улс төрийн нөлөө орчихгүй бол хуулийн хугацаанд хэрэг шүүхэд шилжинэ” гэдгийг эх сурвалж хэлж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин