Н.Мандуул: Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төслийг УИХ, Засгийн газар баталдаг болох шаардлагатай

2022 оны 5 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдав.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул танилцуулав. Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш 38 зээлдэгч 201.9 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна. Үүнээс 72.6 тэрбум төгрөг нь хэвийн, 90.3 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах шаардлагатай, үлдсэн 39 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангиллын зээл байжээ. Банкны удирдлага сүүлийн 3 сарын хугацаанд олон шалгалт хийсний дүнд ил тод байдал, шийдвэр гаргалт, санхүүжилтийн процесс, үйл ажиллагаа, засаглал гэсэн таван чиглэлд гарсан алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Тиймээс банкны ил тод байдлыг хангах үүднээс журам гаргаж, төслийн судалгааны явц, олголт, зарцуулалт, гүйцэтгэл, хяналт, шалгалтын тайлан, дүгнэлт болон тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгааг тэбээр танилцуулгадаа дурдав.

Тэрбээр, Хөгжлийн банкны тухай анхны хуулиар УИХ, Засгийн газраас баталсан төслүүд дээр үр ашгийн судалгаа хангалттай хийдэггүй байсан. 2017 оны шинэчилсэн хуулиар Хөгжлийн банк судалгаа, шинжилгээ хийдэг болсон ч хөгжлийн төслийг өөрөө тодорхойлж ирсэн. Мөн зөвхөн тухайн төсөл дээр үр ашгийн судалгаа хийдэг байсан нь олон сөрөг үр дагаврыг үүсгэсэн. Иймд цаашид Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг УИХ, Засгийн газраас баталдаг болох шаардлагатай. Баталсан хөгжлийн төслийг Хөгжлийн банк судалгаа, шинжилгээ хийж шаардлага хангавал санхүүжилт олгох нь зүйтэй. Үүнээс гадна зөвхөн төслийн үр ашгийн судалгаагаар хязгаарлагдахгүйгээр төсөл хэрэгжүүлэгчид өөр дээр нь засаглал, туршлага, мэргэжлийн байдлын судалгааг хийж, санхүүжилт олгох эсэхийг шийддэг болохыг зорьж байна. Харин санхүүжилтийн процесст гарсан асуудлын нэг нь зарим зээлийн шийдвэр гарсны дараа зээлийг төслийн явц, үе шаттай уялдуулах процесс тодорхойгүй байгаа явдал юм. Тодруулбал, дахин санхүүжилт олгох тохиолдолд өмнө гарсан зардал тухайн төсөлдөө зарцуулагдсан эсэхийг шалгахгүйгээр санхүүжилт олгодог байсан. Үүнээс үүдэн төсөл хэрэгжүүлэгч тухайн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулдаг. Түүнчлэн гадаад валютын орлогогүй зээлдэгчдэд сонголтгүйгээр валютын зээл олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлээгүйгээс болж зээлдэгч ханшийн эрсдэл үүрч байна. Мөн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг тодорхой зааглаагүй, төрөөс хийсэн хяналт шалгалтын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас засаглалын хямралд өртсөн байна" гэлээ.

Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагаа, засаглалыг тогтвортой, нөлөөллөөс ангид байлгах, хариуцлагатай, олон улсын жишигт нийцүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий. Мөн үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлох хэрэгтэй байгаа хэ Банкны нөхцөл байдлыг тогтмол Сангийн яаманд мэдээлдэг. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх саналыг яаманд хүргүүлсэн. Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал үүссэн байна.. Үүнээс одоогийн байдлаар 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулжээ. Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчдэд 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг ирүүлсэн байна. Энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулна гэж төлөвлөсөн бөгөөд энэ ажлаа бүрэн хийвэл чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр буурах боломжтой гэдгийг мөн тодотгов.

Үргэлжлүүлэн Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир мэдээлэл танилцууллаа.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын 6, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байна. Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд 4, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Хөгжлийн банкны 8 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 6 албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас Хөгжлийн банканд учруулсан нийт хохирлоос 201 тэрбум 287 сая орчим төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураан авах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч, 63 иргэний нийт 682 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 765 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. Түүнчлэн 25 аж ахуйн нэгжийн хувьцаа арилжаалах эрхийг хязгаарлах арга хэмжээг авсан” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Д.Ганбат, Э.Батшугар, Л.Мөнхбаатар, Н.Ганибал, Д.Батлут, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд, "Дийлэнх зээлдэгчид санхүүжилтээ зориулалтын бусаар ашигласан байна. Нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байна. Одоогийн байдлаар 25 нэхэмжлэл шүүхийн шатанд явж байна. Хэрэг шийдвэрлэлт удаашралтай байгаа. Улсыг хохиролгүй болгоход хэр хугацаа зарцуулах вэ" хэмээн тодруулав.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хариултдаа, “УИХ-аас ажлын баг гараад бүх зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг газар дээр нь шалгасан. Нийт зээлийн дөрөвний нэг хувийн барьцаа хөрөнгө тодорхой биш байгаа. Ирээдүйн орлогыг барьцаалсан, зарим зээлд төмрийн хүдрийн овоолго, ноолуурыг барьцаалсан гэх мэт асуудал тулгарч байна. Бид зөвхөн төрийн өмчит компаниудын талаар яриагүй. Хувийн хэвшлүүдийн талаар ч мөн ярьж байгаа. Одоо 30 гаруй зээлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хууль хяналтын байгууллагуудтай хамтран шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь гаргаж өгч байна. Зарим аж ахуйн нэгжүүд зээлийн барьцаанд байхгүй хөрөнгийг барьцаалж, зээлээ төлөх саналыг гаргаж байгаа. Бид аль болох уян хатан хандаж байгаа. Харин төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьд барьцааны асуудлыг шийдэхийн тулд УИХ, Засгийн газраас шийдвэр гаргах хэрэгтэй болдог учраас саналаа Сангийн яаманд хүргүүлсэн.” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүд Хянан шалгах түр хороо нь Хөгжлийн банктай холбоотой хэрэгт хуулийн байгууллагыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Хянан шалгах түр хорооны дараагийн хурлаар нотлох баримт цуглуулж, тогтоол гаргана гэдгийг Түр хорооны дарга Ж.Сүхбаатар хэллээ. Мөн тэрбээр, Түр хороонд иргэд, аж ахуйн нэгжээс Хөгжлийн банктай холбоотой нотлох баримт, мэдээллийг ирүүлэх боломжтой. Түүнчлэн хяналт шалгалтын мэдээлэл, Түр хорооны тайланг нээлттэй олон нийтэд мэдээлэхэд анхаарч ажиллана гэдгээ тэмдэглэлээ.

Дараа нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Түр хорооноос УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хөгжлийн банканд хийсэн шалгалтуудын тайлан, зөвлөмж, үр дүнг судалж, нэгтгэх, Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, Нотлох баримт цуглуулах, Хөгжлийн банканд очиж ажиллах, Хөндлөнгийн шинжээчдийг томилох, Түр хорооны сонсголыг зохион байгуулах, тайлан гаргах зэрэг хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна.

Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан гишүүдээс бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэж, танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637069
0 эможи

keyboard_arrow_up