Төрийн банк: “Бизнес эмэгтэй” уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар сонсож, банкны зүгээс тэдний бизнесийг хэрхэн дэмжиж болох талаар нээлттэй ярилцлага хийлээ.
Тус уулзалтад урилгаар Глобал Стратегийн Удирдлагын институтийн захирал, Бизнесийн стратегийн зөвлөх, удирдлагын көуч Ц.Оюунжаргал болон “Гоолингоо ментор клуб”-ын зөвлөх “Энхрий” брэндийг үүсгэн байгуулагч Б.Марал нар бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан “Бизнесийн орчин дахь орчин үеийн чиг хандлага” болон “Мөрөөдөл бол хүрэх цэг биш, амьдралын хэв маяг юм” сэдвүүдээр илтгэл тавьж, зөвлөгөө өгч оролцсон юм.
Төрийн банкны хувьд “Нийгмийн дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилгын хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд инкубатор төвүүдээр дамжуулан сургалт зөвлөгөө, мэдээлэл өгөх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг таатай нөхцөлөөр хүргэхээр үе шаттайгаар ажиллаж байна. Энэ ташрамд Төрийн банкны нийт ажилтнууд болон удирдлагын багийн зүгээс “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг эрхэмсэг эмэгтэйчүүд, ээжүүддээ хүргэж байна.