Хөгжлийн банкны хэрэг гээчээр хэдэн үйлдвэрлэгчээ “нухаад” дуусгах уу?!

2022 оны 3 сарын 07

Arslan.mn

Хөгжлийн банкийг анх Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулж байв. Ийм тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд болох Хөгжлийн банкийг 2011 оны тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээж байлаа.

Түүнээс хойш 10 жилийн турш Монгол Улсыг бус эрх мэдэл, албан тушаалтныг хөгжүүлж ирсэн болох нь 11 дэх жилийн босгон дээр “олны хүртээл” боллоо.

Хөгжлийн банкны төсөв хөрөнгийг “ЖДҮ” шиг цөлмөжээ. Тиймээс Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тушаалаар Хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, тус банкнаас санхүүжүүлсэн нийт 66 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн зарцуулалт, барьцаа хөрөнгийн чанар, байдлыг газар дээр нь хянан шалгаж эхэлсэн.

Үүнтэй зэрэгцээд УИХ-ын ажлын хэсгийн хэдэн гишүүн өнгөрсөн хэд хоногт нийт 27 удаагийн уулзалтаар Хөгжлийн банкнаас 21 мянга орчим хуудас баримт бичиг, 26 мянган хуудастай дүйцэхүйц файл материал, нийт 47.000 орчим хуудас баримт бичгийг авч танилцаж байгаа гэх мэдээлэл байна.

Мөн Хөгжлийн банкнаас олон зээлийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүллээ. АТГ, ЭЦА-наас зээлдэгчидтэй холбоотой Зээлийн хорооны шийдэр, ТУЗ-ын тогтоол, холбогдох дүгнэлт, танилцуулга зэрэг нийт 20 мянга орчим хуудас баримт бичгийг татаж авсан байна.

Ер нь бол Хөгжлийн банкны хэрэгт улс төрд нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхол нөлөөлсөн нь нэн тодорхой байна. Тэгээд өнөөдрийн чанаргүй зээлийн олголт нь Хөгжлийн банкны удирдах болон шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын гараар хийгдсэн байх юм.

Гэвч эцсийн дүндээ Хөгжлийн банкны хэрэг гээч энэ дуулианд үндэсний хэдэн компани гол буруутан болоод дуусч мэдэхээр болж байна. Энэ нь гадуур Хөгжлийн банкны “хавтаст хэргүүд”-ийг тэвэрсэн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн яллах үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байгаа юм.

Харин Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл нь “Хэрвээ зээл авсан компаниудыг “хотонд орсон чоно” хэмээн үзэж байгаа бол “Хоттой хонио тавиад туучихсан хоньчдоо яах вэ”...” гэсэн асуудлыг хөндсөн.

Учир нь Хөгжлийн банкных шиг бага хүүтэй, хугацаатай зээлээс татгалзах компани Монголоос байтугай дэлхийгээс олдохгүй. Энэ бол бизнесээ өргөтгөх боломж юм. Тэгэхээр яаж ийгээд Хөгжлийн банкнаас зээл авахыг зорих нь бусармаг үйлдэл огт биш. Харин тэдэнд зээл олгохдоо нарийн нягтлаагүй, зээлийн зарцуулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавиагүй нь төрийн буруу болно. Тэгээд ч зээлдэгчид Хөгжлийн банкийг ухаад, дээрэмдээд мөнгө авчихаагүй. Гэвч одоо нэгэнт байдал ийм дээрээ тулсан байна.

Тиймээс Хөгжлийн банк хохиролгүй болох нь нэгдүгээр асуудал болно. Тэр гарцыг Хөгжлийн банкны шинэ удирдлагууд хайж буй бололтой юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул энэ талаар “...Бидний зүгээс баримталж байгаа зарчим бол барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, барьцаа гэх зүйлгүй, зориулалтын бусаар ашигласан бол хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлэнэ. Уурхай, үйлдвэр зэрэг барьцаа хөрөнгөтэй байгууллагуудыг бизнесийн зарчмаар дэмжиж, цаашид ажиллуулахын тулд менежментийн өөрчлөлт хэрэгтэй” гэж байна. Энэ зөв. Одоо ямар нэг байдлаар зөв менежмент хийх ёстой цаг.

Жишээ нь, энэ жил Монгол Улсад олон бүтээн байгуулалт хийгдэнэ. Нэлээд нь эхэлнэ, зарим нь ч дуусна. Хөшгийн хөндий, хурдны зам, орон сууцны хорооллууд гээд хөгжлийн бүтээн байгуулалтын цементийг “Монполимет”, “МАК”-аас хангачихаж болж байгаа юм. Тэртэй тэргүй Хөгжлийн банк бүтээн байгуулалтын санхүүжилтэд оролцоно. Хар яриагаар, бартер маягаар шийдчихнэ гэсэн үг.     

Бодит байдал буюу компанийн өгч байгаа мэдээллээс харсан ч энэ нь боломжгүй зүйл биш юм байна. "Монполимет" ХХК-ийн захирал Н.Мөнхнасан “2014 онд зээлийг төгрөгөөр гаргах тогтоол гарсан ч банк ам.доллароор олгосон. Бид энэ зээлийг дараа жилээс нь төлж эхэлсэн. Зээлийн төлөлт хүүтэйгээ нийлээд 50 сая ам.доллар. Тухайн үед ханш 1943 төгрөгтэй байсан. Бид 2018, 2019 онд илүү төлөлттэй явж байгаад 2020, 2021 онуудад цар тахлын улмаас олон хоног хөл хорио тогтоосноор үйлдвэрүүд тэг зогсолт хийсэн. Энэ хугацаанд ямар ч эргэн төлөлт хийх боломжгүй байсан. Одоо хэвийн ажиллах гээд хичээж байгаа ч хяналт шалгалт үргэлжилж байна.

Бид удаан хугацаанд судалгаа шинжилгээ хийж, гадаадаас хөрөнгө оруулалт босгож байж, үлдсэн 20 хувьдаа Хөгжлийн банкнаас зээл авсан. Тухайн үед үндэсний томоохон төсөл дээр Засгийн газар оролцохоос өөр аргагүй байсан. Энэ зээлийн хувьд Европын сэргээн босголт хөгжлийн банк барьцаа хөрөнгө шаардахад үйлдвэрээ барьцаалсан. Харин Хөгжлийн банканд түүхий эд болох 200 жилийн нөөцтэй шохойн чулууны ордоо барьцаалж байсан. Бид Хөгжлийн банктай уулзаад явж байгаа. Энэ жилдээ багтаад тухайн үеийн төгрөгийн ханшаар үндсэн төлбөрөө төлөөд дуусах байх" гэдэг мэдээллийг өгсөн.

Бас “МАК”-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн “...“МАК Цемент” ХХК нь БНХАУ-аас 382 тэрбум төгрөгийн импортын цементийн мөнгөн урсгалыг зогсоосон, 600 гаруй шууд ажлын байр бий болгосон, жилд төсөвт 65.7 тэрбум төгрөгийн татвар хураамж төлдөг, 250 гаруй ЖДҮ-ээс 60 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг европ технологид суурилсан цементийн үйлдвэрийг амжилттай ашиглалтад авч Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад байна.

Тус үйлдвэрт нийт 340.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 175.5 сая ам.долларыг өөрийн хөрөнгөөр, 98.7 сая ам.долларыг гадны банкны зээлээр, 66.5 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар135 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг Хөгжлийн банкнаас 2014 онд олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн барьцаанд 183.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө барьцаалсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 45.9 сая ам.доллар буюу 130.8 тэрбум төгрөг төлөөд байгаа. Эл зээл чанаргүй зээлийн ангилалд ороогүй.

Компанийн зүгээс зээлийг хугацаанд нь бүрэн эргэн төлөхөөр ажиллахын зэрэгцээ Улс орны бүтээн байгуулалтад оруулах хувь нэмрээ улам өргөжүүлэн ажиллах болно” гэв.

Энэ хоёр компанийн хувьд дээр хэлсэнчлэн бүтээн байгуулалтад шаардагдах цементийг хангах бүрэн боломжтой аж. Одоо тэгэхээр Хөгжлийн банк үүнд менежмент хийх нь чухал гэсэн үг.

Эдгээрээс гадна, муу хэлүүлээд байдаг “Монгол драй милк" компанийн захирал Л.Ганцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани Хөгжлийн банкнаас хуурай сүүний төслөөр зээл авсан. Ажлын явц ямар байгаа вэ?

-Бид 20 гаруй аймгийн 100 сумын иргэд, төрийн албаныхантай холбогдон, сүүний үйлдвэр байгуулах талаар судалсан. Үүнээс үйлдвэрийн барилга барих хөрөнгөгүй, цахилгаан болон дэд бүгцийн асуудлаа шийдэж чадахгүй гэсэн шалтгаанаар 42 сум нь төсөлд хамрагдахаас татгалзсан. Харин 52-т нь үйлдвэр байгуулах боломжтой хэмээн тооцсоноос өдгөө Хөвсгөл аймгийн Их-Уул, Галт, Хэнтийн Баянхутаг, Булганы Хутаг-Өндөр, Говь-Агггайн Эрдэнэ, Дорнодын Баяндун болон Баян-Уул гэсэн долоон сумд тоног төхөөрөмжөө суурилуулсан. Улмаар Их-Уул, Галт, Баянхутаг, Хутаг- Өндөрийн үйлдвэрийн үйл ажиллагаа жигдсэрсэн. Харин Эрдэнэ, Баяндун, Баян-Уулын үйлдвэрүүд эрчим хүч болон цэвэр ус татах ажил удааширч, хараахан ашиглалтад оруулаагүй байгаа. Үйлдвэрийн байрыг бэлэн болгон тоног төхөөрөмжүүдийг бүрэн угсарсан ч дэд бүтцийн асуудлаас шалтгаалж үйл ажиллагаагаа эхлүүлээгүй гэсэн үг.

-Нэг үйлдвэр хэдэн ажлын байр бий болгодог вэ. Мөн хоногт хэдэн тонн сүү боловсруулах хүчин чадалтай вэ?

-Сүүний үйлдвэрт тогтмол 4-5 хүн ажилладаг. Мөн сүү цуглуулах, түүхий эд нийлүүлэгчдийг тооцвол нэг сумын, малчин, мал бүхий бүх айл орлогоо өсгөж, цалин урамшуулал хүртэх боломж бүрдэнэ. Нэг үйлдвэр хоногт 1500 литр сүү боловсруулах хүчин чадалтай, Үүний 30-40 хувь нь хатаасан сүү болдог.

-Цаашид ажлаа хэвийн явуулж, авсан зээлээ төлж барагдуулах уу. Танай зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүй, эргэн төлөлт хийгдээгүй гэсэн мэдээлэл байна?

-Манай улс жил бүр 70-80 сая ам.долларыг хуурай болон өтгөрүүлсэн сүү худалдан авахад зарцуулдаг. Тиймээс импортод зарцуулах хөрөнгийг багасгах, сүүг эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байр бий болгон, ашиг олох зорилгоор бид үйлдвэр барихаар төлөвлөсөн. Үүнийг дэмжин банканд тавих барьцаа хөрөнгийг “Алтай групп”-ээс гаргасан юм. Тодруулбал, тус группийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ батлан даасан гэсэн үг. Бизнес бол харилцан ашигтай хамтын ажиллагаа учраас сүү боловсруулах үйлдвэрийн өгөөж, ашгийг тооцон, хамтран ажиллах болсон хэрэг. Хөгжлийн банкнаас 10 жилийн хугацаатай зээл авч, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг таван жил хэмээн тооцсон. Гэхдээ анхнаасаа төсөвлөсөн хөрөнгөө, шаардлагатай хугацаанд нь авч чадаагүйгээс сүүний үйлдвэрүүдээ бүрэн хөл дээр нь босгож чадаагүй ч нийт 60 үйлдвэрийн тоног төхөөрөмж бэлэн байна. Нэмж хэлэхэд “Монгол драй милк” компани энэ ондоо багтаан Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж барагдуулна, Хөгжлийн банкны мэргэжилтнүүдтэй бид уулзаж, албан бичиг ч явуулсан. Удахгүй УИХ-ын гишүүд, Хөгжлийн банкныхан, зээлдэгчид нь болон бусад талыг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулах сураг бий. Тэр үеэр бид хийсэн ажил, хэтийн төлөвлөгөөгөө тайлагнах учраас олон нийт илүү тодорхой мэдээлэл авах болов уу” гэж байна. Энэ компанийн тухайд үйлдвэрүүд, тоног төхөөрөмж бэлэн, дэд бүтцийн асуудал хүлээгдэж байна гэлээ. Энэ бас л төр буюу Хөгжлийн банк оновчтой менежмент хийж чадвал хохирол бус хоёр том цементийн үйлдвэр, улс даяар 60 орчим хуурай сүүний үйлдвэр үлдэх боломж байна.

Шүүх, хуулийн байгууллагууд ч онцгой анхаарах шаардлагатай. Нэг жишээ ярья л даа. 1990-ээд оны сүүлчээр Азийн эдийн засгийн хямрал болж байлаа. Түүнд Солонгосын эдийн засаг айхтар хямарсан байдаг. Тэр үеэр тус улсын олон компани дампуурсан. Тэр давалгаанд солонгос архи болох сөжүний үйлдвэр хаалгаа барьж, зээлээ төлж чадалгүй шүүхэд очжээ. Манай энэ Хөгжлийн банкны хэдэн зээлдэгч компани шиг гэсэн үг. Тэр хэргийг шүүсэн шүүгч сөжүний үйлдвэрийн эзний бизнес төлөвлөгөөг сонсох шийд гаргаж, шүүх хурлаараа төсөлтэй нь танилцсан байгаа юм. Ингээд хугацаа зааж, тэр хооронд зээлээ төл гэсэн шийдвэрийг гаргажээ. Ингэж өнөөдөр Солонгосын тансаг зэрэглэлийн ресторануудаас гудамжны хоолны газрыг хүртэлх бүхий л газрын ширээн дээр байдаг сөжү архи үйлдвэрлэгч бизнесээ босгож үлдсэн түүхтэй юм билээ.

Өөрөөр хэлбэл, манай шүүх, прокурор, мөрдөгчид энэ талаас нь харах хэрэгтэй. Эрүүдэн яллаж, нийгмийн дуулианд хэт автахгүй ажиллах ёстой. Эс тэгвээс Хөгжлийн банкны хэрэг гээчээр хэдэн үйлдвэрлэгчээ “нухаад” дуусгана гэсэн үг.

 

 

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635084
0 эможи

keyboard_arrow_up