Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаярын “Шинэ яармаг хотхон“ төсөл зээл авах болзол хангаагүй ч ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Ажлын хэсэг байгуулагдаад найм хонолоо. Шалгалт үргэлжилж байна. Бид эхний дүгнэлтээ гаргасан. Хөгжлийн банк банканд тавьдаг 6 шалгуураас 3-ыг нь хангаж, 3-ыг нь хангахгүй байна. Тус банкны ТУЗ-өөс гаргасан 84 шийдвэрийг нэг бүрчлэн тулгаж, үзэж байна. Төрийн өмчит компаниудын зэлийн үлдэгдэл 316 тэрбум төгрөг байна. "Шинэ яармаг хотхон" гэх мэт төсөл зээл авах болзол хангаагүй ч зээл олгожээ." гэж мэдээлэв.
Үүнийг дэлгэрүүлэн авч үзвэл, "өөрийн амь насанд аюул учруулах болзошгүй" гэх үндэслэлээр нэг сар хоригдож буй Ц.Ууганбаяр "Юнайтед Прожектc Корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэгч "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэсэн сэтэр дагалддаг.
Тэрээр “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иараа дамжуулан “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барихаар Хөгжлийн банкнаас 142 тэрбум төгрөгийн зээл 2015 онд авсан. Улмаар 59 тэрбумыг эргүүлэн төлсөн бөгөөд хуримтлагдсан өр 117 тэрбум.
Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр нь Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан талаар өмнө бид мэдээлсэн.