“Хөгжлийн банкинд би захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуягтай найз байгаагүй“
Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа мэдэгдсэн.
Үүнээс 66 тэрбум төгрөгийн чанаргүй зээл нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа гаргасан зээл юм. Мөн тухайн үед УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авсан байдаг.
Тэгвэл тус асуудлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар тодрууллаа.
Г.Амартүвшин: Намайг түр зургаан сарын хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад байсан л зээл байна лээ. Шинэ зээл тэр жагсаалтад байхгүй байсан. Би 2019 оны зургадугаар 2-нд ажил хүлээж аваад 12 сард ажлаа өгөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлангаа тавьж л байсан. Нөгөө л алдартай хэдэн нөхдүүдийн зээл байна лээ. Тэр үед ЗГ-аас чиглэл өгч, прокурортой хамтраад ЗГ-ыг төлөөлж шүүхэд өгөх ажлыг би эхлүүлсэн. Би тэр ажлыг эхлүүлсэн. Прокурор тэр хэргийг идэвхтэй хөдлөөгүй.
Би захирал байхдаа дангаараа ганцаараа зээл гаргаагүй. ТУЗ зөвлөлдөөд гаргасан зээл. Миний үед гарсан зээл өмнө нь шийдэгдсэн зээл байсан. Би дангаараа нэг ч зээл гаргаагүй. Намайг захирал байхад багцын чанар дээр ажилла гэсэн л үүрэг өгсөн.
Зарим тохиолдолд ТУЗ-ын шийдвэрээр өмнө нь гарсан зээлүүдийн нөхцлийг шинэчилсэн. Жишээлбэл, МАК-ийн зээлийн нөхцлийг өөрчилж, 20 гаруй тэрбумын эргэн төлөлтийг хийлгэж сунгаж байсан.
Хөгжлийн банкны зээлийн олголтод улс төрчдийн нөлөө ,ТУЗ удирлагад орсон байж магадгүй. Би хэзээ ч гаргахгүй байсан маш олон том зээлүүдийг, барицаагүй зээлийг гаргасан байсан учир тэгж харж байна. Ярих юм бол маш их муу зээл байсан.
“Вертекс майнинг партнер” ХХК нь намайг ажил авахаас өмнө Хөгжлийн банкны харилцагч байсан. Тэр 33 тэрбум төгрөгийн зээл нь 12 дугаар сард ТУЗ-ийн хурлаар орж батлагдсан. Би 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаа өгсөн. Ингээд 2020 онд зээлийн олголт хийгдсэн. Тийм болохоор би зээл олгоогүй. ТУЗ л шийдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нартай би найз байгаагүй. Х.Ганхуяг гишүүнийг би өмнө нь мэддэг байсан. Найз нөхдийн хувьд зээл олгосон юм байхгүй. Тэрэн дээр би санаа зовохгүй байна. Өчнөөн тоног төхөөрөмж, үл хөдлөхөө барьцаалж зээл авсан. Би АТГ дээр хүсэлтээ өгөхөд намайг шалгаагүй гэсэн. Намайг шалгавал шалга айгаад байх юм байхгүй.
Эх сурвалж: mass.mn
|