Н.МАНДУУЛ : Хөгжлийн банк ирэх жил төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрвэл ӨР УЛСАД ШИЛЖИНЭ
Өнөөдөр Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Хөгжлийн банкны хувьд нөхцөл байдал тун хүнд байна. Манай нийт зээлийн актив 3.2 их наяд төгрөг байдгаас Монголбанкнаас шалгалт хийгээд одоогийн байдлаар 1.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг чанаргүй гэсэн дүгнэлт гаргаж өгсөн. Түүнчлэн 200 тэрбум төгрөгийн зээлийг эргэлзээтэй гэх ангилалд оруулсан.
Бид хуулийн дагуу ажилладаг мэргэжлийн банк тул арга хэмжээгээ авч яваа. Нийт 880 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг шүүхэд өгсөн бөгөөд эхнээсээ шийдвэрүүд гарч байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа ШШГЕГ-руу шилждэг.
Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит банк. Бодлогын банк гэдгээрээ бусад арилжааны банкнаас ялгаатай. Гаднаас бонд болон урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж, түүнийгээ том төсөл санхүүжүүлэх үүрэг хүлээсэн.
Эдгээр зээлүүд төлөгдөхгүйн улмаас Хөгжлийн банк дунджаар найман хувийн эх үүсвэрийн зардал гадна талдаа төлж, алдагдал хүлээж яваа. Зээл төлөгдөхгүй явсаар манай банк ирэх жил төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрвэл энэ өр улсад шилжинэ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдгээр зээлдэгчийн өрийн өмнөөс гадаад өр төлбөрөө барагдуулна гэсэн үг.
Тийм учраас Хөгжлийн банкны зүгээс эдгээр чанаргүй активын эздийг зээлээ төлөхийг уриалж байна.
Гадаад эх үүсвэрээ төлж чадахгүй байдалд орох вий гэж Хөгжлийн банк хамгийн санаа зовж байна" гэлээ.