ЭЕРЭГ МЕССЕЖ: 2022 оноос эхлэн урьдчилгаа 20 хувиа бүрдүүлсэн иргэд ИПОТЕКИЙН ЗЭЭЛД хамрагдана
"Орон сууц ба санхүүжилт" сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга болон Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд оролцож орон сууцны санхүүжилтийн шийдэл, хүртээмжийн талаар санал бодлоо хуваалцсан юм.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "2013 оноос ипотекийн зээл олгож эхэлсэн. Түүнээс хойш 5.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 100 мянган айл орон сууцтай болсон. Түүнчлэн зээлийн хүүг наймаас зургаан хувь болгосноор өрхийн орлого нь 1.1 сая төгрөгтэй хүн ипотект хамрагдах боломж бүрдлээ. Энэ онд 11 мянга 600 хүн зээлд хамрагдаж, 870 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан байна. Оны сүүлээр 12 мянга хүрнэ гэсэн таамагтай байгаа.
Цаашид ипотекийн зээлийн хөтөлбөрийг гурван хэлбэрээр хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Ихэнх залуус орон сууцанд ороход урьдчилгаа 30 хувийн асуудал хөндөгддөг. Үүнийг 20 хувь болгох гарцыг хайж байна. Төр засаг дангаараа үнийг буулгачхаж болохгүй. Бусад байгууллагатай эрсдэл, асуудлыг хөндөн ярилцана" гэв.
Түүнчлэн энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд "Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн урьдчилгаа 20 хувиа бүрдүүлсэн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж нээлттэй болсон. Хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Одоо холбогдох дүрэмж, журмыг боловсруулаад ирэх оноос хэрэгжүүлнэ" гэв.