Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа
Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахимаар боллоо. Тус хурлаар Монголбанкны эрсдэлийн удирдлага ба дотоод аудитын үйл ажиллагааны уялдаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Үйл ажиллагааны эрсдэлийн бодлого, журмыг олон улсын жишгийн дагуу хамгаалалтын гурван шугамын зарчмын хүрээнд шинэчилсэн болон Монголбанкны эрсдэлийн алба, дотоод аудитын газрын уялдаа бэхжиж сайжирж буйг МБХЗ анхааралдаа авав. Зөвлөлийн зарим гишүүд Монголбанкны үндсэн нэгжүүд эрсдэлээ сайн тооцох, түүнд нь эрсдэлийн болон дотоод аудитын зүгээс мэргэжлийн туслалцаа өгч, чиглүүлж ажиллахын чухлыг тэмдэглэн ярилаа.
Санхүүгийн мэдээллийн албанаас ФАТФ (Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага)-ын зөвлөмжийн хэрэгжилтийн нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Монгол Улс өнгөрсөн оны 10 дугаар сард ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын буюу “Саарал” жагсаалтаас, 2020 оны 12 дугаар сард Европын холбооны мөнгө угаах өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтаас тус тус хасагдсан нааштай ололтыг МБХЗ талархан хүлээж авлаа. Ирэх жилүүдэд СМА өөрсдийн ололтоо улам бататгаж, ФАТФ-ын 40 зөвлөмж болон шууд хэрэгжилтийн 11 шалгуурын шаардлагыг хангах, дагаж мөрдөх, 2023 онд хийгдэх ФАТФ-ийн үнэлгээнд бэлдэж ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай Монгол Улсын хуулийн хүрээнд, Монголбанкны дэргэд байгуулагдсан Санхүүгийн мэдээллийн алба нь үндэсний хэмжээний бүрэн эрх, статустай орон тооны байгууллагын хувьд төр, захиргааны бусад байгууллагууд, хувийн хэвшлийн санхүүгийн болон бус үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллах, тэднээс дэмжлэг туслалцаа авахын зэрэгцээ мэргэжлийн удирдлагаар хангаж, зохицуулах чиглэлээр өргөн цар хүрээнд ажиллах нь өнөөгийн шаардлага мөн болно гэж МБХЗ үзэж байна. Өөрийн орондоо төрийн бус, ашгийн бус байгууллагын хяналт зохицуулалтын эрх зүйг яаралтай бүрдүүлж, хуулийн хүрээнд СМА-г ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Монголбанк, Засгийн газраас дэмжлэг авч ажиллахыг МБХЗ-ийн гишүүд санал болгов.
Мөн Хяналтын зөвлөлийн ажлын төлөвлөгөөний дагуу хийгдсэн “Монгол Улсын гадаад валютын зах зээлийн бүтэц, эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-ны материалыг нийтийн хүртээл болгох, Монголбанкны сайт-д байрлуулахыг Зөвлөлийн гишүүн Л.Ариунаад даалгав.
Төв банк (Монголбанк)-ны 2018 онд шинэчлэгдсэн хуулийн дагуу байгуулагдсан Хяналт шалгалтын хорооны үйл ажиллагааг Монголбанкны захирлуудын зөвлөлөөс авч үзэж санал дүгнэлт гаргаж буй эсэх хийгээд тус хорооны хараат бус, хөндлөнгийн хяналттай байх зарчмыг судалж үзэхээр тохиролцов. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн ирүүлсэн бичгийг гишүүдэд танилцуулав. МБХЗ Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг авч хэлэлцэн санал дүгнэлт гаргаж байх хууль эрх зүйн заалтыг хэрэгжүүлж ажиллах болно.