Б.ЛХАГВАСҮРЭН: Монгол Улсын хувьд Төв банкны цахим мөнгө гаргах эсэхийг судалж, тодорхойлно

2021 оны 10 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга, УИХ-ын гишүүд ээ!

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барилаа.

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулахдаа:

  • Төв банкны үндсэн зорилтын хүрээнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлийг даван туулах,
  • Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх аянд улс орнуудтай хамтран ажиллах,
  • Санхүүгийн зах зээлийн хөгжлийг тэтгэх зарчмыг баримталсан болно.

Цар тахлын сөрөг нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт ѳѳрчлѳгдѳж, бизнесийн үйл ажиллагаа доголдсоноос Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд огцом агшсан хэдий ч энэ оны эхний хагаст 6.3 хувиар өсч сэргэлтийн төлөвт шилжээд байна.  Эдийн засгийн сэргэлт жигд, хүртээмжтэй бус байгаа үед цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Төв банкны зүгээс бодлого, зохицуулалтын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэхүү бодлого, арга хэмжээ нь үндсэндээ

  • Өрхийн орлогыг тэтгэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх,
  • Зээлийн өсөлтийг сэргээх,
  • Эдийн засгийн идэвхжлийг түргэсгэж, хямрал, хүндрэлийг богино хугацаанд даван туулахыг зорьж байна.

Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг даган эрдэс бүтээгдэхүүний үнэ сэргэсэн нь худалдааны тэнцэлд дэмжлэг болж байна. Хэдийгээр эдийн засгийн сэргэлт, гадаад үнэ, хөрөнгө оруулалтын өсөлтийг даган барааны импорт 30 хувиар өссөн хэдий ч экспортын орлого 24 хувиар нэмэгдэж, барааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай байна. Гадаад эрэлт сэргэж, эрдсийн үнийн өсөлтийг даган экспортын орлого 24.4 хувиар нэмэгдсэн хэдий ч гадаад худалдааны тээвэрлэлтийн доголдол арилахгүй байгаа нь орлогын боломжийг алдагдуулсаар байна. Энэ нь эцэстээ бодлогын орон зайд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг бодлогын түвшинд онцгойлон анхаарах учиртай.

Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ,

Төв банк 2021 оноос инфляцыг 6%-ийн голчтой, +/-2 хувийн интервалд тогтворжуулах хэв маягт шилжсэнийг та бүхэн мэднэ. Энэхүү зорилтыг 2022-2024 оны туршид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хэдийгээр дэлхий нийтээр нийлүүлэлтийн саатлаас үүдсэн инфляцтай тулгарч байгаа ч Монголбанкны хувьд эдийн засгийн сэргэлттэй уялдуулан инфляцын зорилтоо хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлнэ.

Сүүлийн саруудад эрчимжиж буй инфляцын талаас илүү хувийг гадаад, дотоодын нийлүүлэлтийн шалтгаанаар өдөөгдсөн цөөхөн барааны үнийн огцом өсөлт бүрдүүлж байна. Ийм нөхцөлд Төв банк бодлогын төлөвөө чангаруулах эсэх нь бүх Төв банкуудын хувьд том асуултын тэмдэг болж байна.

Банкны хяналт шалгалтын бодлого, зохицуулалтын хувьд

  1. Эдийн засаг, бизнесийн идэвхжилтэй уялдуулан хөнгөлөлтийн төлөвөөс ердийн төлөвт үе шаттай шилжих,
  2. Олон улсын зохицуулалтын стандартуудыг үргэлжлүүлэн нэвтрүүлэх,
  3. Нээлттэй хувьцаат компанийн зохицуулалтын шинэчлэлийг бүрдүүлэх ажлууд хийгдэхээр хүлээгдэж байна.  

УИХ-ын дарга, Эрхэм гишүүд ээ,

Төв банкны зүгээс Мөнгөний бодлого, банкны зохицуулалтаас гадна санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллана. Тухайлбал,

  1. Монгол Улсын хувьд Төв банкны цахим мөнгө гаргах эсэхийг судалж, тодорхойлно.
  2. Төлбөр тооцооны технологийн дэвшилтэй уялдуулан үндэсний төлбөрийн системийн тасралтгүй, найдвартай байдлыг ханган эрсдэлээс сэргийлж, хөгжлийг тэтгэсэн бодлого, зохицуулалтуудыг хэрэгжүүлнэ.
  3. Монгол Улсын цахим шилжилттэй уялдуулан бодлогын шинжилгээ, зохицуулалтын хөгжлийг хангах их өгөгдлийн сан үүсгэж, ашиглах дунд хугацааны төслийг эхлүүлнэ.
  4. Түүнчлэн, Төв банкны зүгээс олон нийттэй харилцах харилцааг нээлттэй ил тод байх зарчмыг баримтлан олон нийтийн санхүүгийн боловсролыг сайжруулах, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн боловсролыг сайжруулахад хувь нэмрээ оруулахаар төлөвлөж байна.

УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд ээ,

Ирэх онд Монголбанкны зүгээс төрийн бусад байгууллагуудтай хамтран хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөж, үндсэн чиглэлийг батлах УИХ-ын тогтоолын төсөлд тусгалаа.

Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлд эдийн засгийн ѳсѳлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал чухал байна. Цар тахлын хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү ѳртѳж, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь улс орнуудын өмнө тулгарах нэн тэргүүний сорилт болохоор байна. Иймээс иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шаардлагатай дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засгийн сэргэлтийг дэмжих, цаашдын төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын бодлоготойгоо нягт уялдуулах шаардлагатай.

УИХ-ын дарга, Эрхэм гишүүд ээ,

Дэлхий нийтээр, улс орон бүр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аянд өөр өөрийн хувь нэмрээ оруулахаар хамтын ажиллагааг өрнүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь манай улсын хувьд ч хойшлуулшгүй асуудал болсон нь судалгаанаас харагдаж байна. Тухайлбал, манай улсын жилийн дундаж агаарын хэмийн дулаарал дэлхийн дунджаас 2 дахин өндөр байгаа, газрын доройтол, экосистемийн тэнцвэргүй байдал нэмэгдэж буй нь эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт эрсдэлийг дагуулахаар байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, эко системд ээлтэй шилжилтийг эрчимжүүлэх, дунд, урт хугацааг харсан бодлого, зохицуулалтыг улс орны хэмжээнд нэгтгэн тодорхойлох, хэрэгжилтийг нь хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх нэн чухал болж байна. Энэ хүрээнд Монголбанк уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах, ногоон, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг ашиглан хэрэгжилтийг нь дэмжих болно. 

Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, салбарын тэнцвэртэй хөгжлийг хангах нь макро эдийн засгийн тогтвортой байдалд нэн чухал ач холбогдолтой болох нь тод харагдаж байна. Энэ хүрээнд уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлж, дэлхийн өртгийн сүлжээнд холбох асуудлыг хойш тавилгүйгээр дунд, урт хугацааг харсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өнгөрснөөсөө сургамж авч, ирээдүйг харан төрийн бодлогын уялдааг хангаж, зохион байгуулалтын нэгдмэл байдлыг хэрэгжүүлэх шаардлагатай.

УИХ-ын дарга, Эрхэм гишүүд ээ,

Ирэх жилийн хувьд ФАТФ-ын 2023 оны харилцан үнэлгээний бэлтгэл ажлыг хангах, санхүүгийн гэрээний маргаан шийдвэрлэх үйл явцыг хялбаршуулах, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахад чиглэсэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажилд та бүхний дэмжлэг шаардлагатай байна.

Энэхүү илтгэлийнхээ төгсгөлд эдийн засгийн төлөвийг товчхон дүгнэвэл:

  • Цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн онд огцом агшсан манай эдийн засаг энэ онд сэргэж эхэлж байгаа ч өсөлтийн цаашдын төлөв эдийн засгийн салбар хооронд харилцан адилгүй, эмзэг хэвээр байна.
  • Гадаад орчин сайжирч, экспортын үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа хэдий ч вирусын тархалтыг бууруулах, экспортын тээвэрлэлтийн асуудлыг шийдэхгүйгээр, худалдааны түнш орнуудтайгаа нягт хамтын ажиллагааг өрнүүлэхгүйгээр үүний үр ашгийг хүртэх боломж хязгаарлагдмал байна.
  • Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө нь урд өмнө нь тохиож байгаагүй том хэмжээтэй байгаагийн дээр олон удаагийн давлагаагаар цаашид ч үргэлжилж болзошгүй байгааг эрсдэлийн удирдлагын хүрээнд анхаарах шаардлагатай байна.

Цаашид Ковид-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөг бууруулахын зэрэгцээ үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүйгээр макро эдийн засаг, ажил эрхлэлтийг хэвийн түвшинд хүргэх, нийгмийн хамгааллын тогтолцоог төгөлдөржүүлэх замаар эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байна. Монголбанкны бодлого, үйл ажиллагаа үндсэн чиглэлд тусгагдсан эдгээр зорилтыг хангахад чиглэнэ. 

УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд ээ,

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632068
0 эможи

keyboard_arrow_up