Монголбанк: Ипотекийн зээлийг 2023 онд Засгийн газарт бүрэн шилжүүлнэ
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хүндрэлийн үед иргэдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулаад буй.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Цар тахал дэгдсэн 2020 оны эхэн үеэс тогтоосон хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан иргэдэд учрах зээлийн дарамтыг бууруулахаар ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийг хойшлуулсан. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан шийдвэр өнгөрсөн долдугаар сарын 1-нд дуусах байсан ч Засгийн газраас хугацааг сунгаад байгаа. Бидний хувьд хугацааг долдугаар сараар дуусгавар болгохыг хүссэн ч өөрчлөөгүй.
Жилд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 300-400 тэрбум төгрөг эргэн төлөгддөг. Иргэд сар бүр цалингаа аваад, тогтмол хувийг амьдарч буй байраа өөрийн эзэмшилд авахын тулд зээлийн төлөлтөд зарцуулаад явж байсан. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаанд энэ сул мөнгө хаашаа орж байгааг тодорхойлох боломжгүй.
Жилд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 300-400 тэрбум төгрөг эргэн төлөгддөг.
Крипто биржээр гурван минутын дотор 30 тэрбум төгрөг "босгож" байна гэхээр иргэд зээл төлөх мөнгөө арванхоёрдугаар сарыг хүртэл үржүүлэх зорилгоор эрсдэлтэй зүйл рүү "давхиад" орж байж болзошгүй. Крипто валют, виртуал хөрөнгийн талаарх Монголбанкны байр суурь хэвээр" гэв.
Төв банкнаас криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгө нь “цахим мөнгө”-ний шинжийг агуулдаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа болохыг анхааруулж буй.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 7 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7,470 өрхөд олгожээ. Харин наймдугаар сард 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкнуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкнууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбумыг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгосон бол есдүгээр сард 10 мянган зээлдэгчид 756.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгодог байсан бол 2021 онд сард дунджаар 75.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
Монголбанк ипотекийн зээлийг 2018 онд Засгийн газарт шилжүүлэх байсан ч төсөвтэй холбоотойгоор хойшлуулсаар өнөөг хүрсэн. Төв банк ипотекийн зээлийг 2022 онд хэрэгжүүлнэ. Харин 2023 онд багтаан энэ хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлнэ гэж мэдээллээ.