Төрийн Банк ТОП-100 ААН-ээр дахин шалгарлаа
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП-100 Аж Ахуйн Нэгж"-ийг өргөмжлөх арга хэмжээг цахимаар зохион байгуулж, МҮОНТВ-ээр шууд дамжуулан үзүүллээ.
Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг дэмжигч хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэн дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад Төрийн Банк Арван Нэгдүгээр байрт шалгарлаа.
Төрийн банкны хувьд Монгол орон даяар 347 АТМ, 4099 картаар үйлчлэгч байгууллага, 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2 сая харилцагчдадаа банкны үйлчилгээг эрсдэлгүй, найдвартай хүргэж, 2020 онд нийт активын хэмжээгээ 3.5 их наяд төгрөгт хүргэж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад үзүүлэлтээрээ, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуурыг ханган, нийт 30.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.
Бид КОВИД19 цар тахлын үед харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг эрсдэлгүй найдвартай хүргэн, халамж, тэтгэврийг тасалдалгүй олгож, цахим шилжилтийг түргэсгэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаа.
Бидэнд итгэл үзүүлэн, хамтран ажилладаг эрхэм харилцагчид болон хамтран ажиллагч түншүүд та бүхэндээ баярлалаа.