Н.МӨНХСҮХ: Хөгжлийн банк 4.2 их наяд төгрөгийн нийт активтай, 114 ажилтантай банк болон өргөжлөө

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр Монгол Улсын Хөгжлийн банк хэмээх их айл гал голомтоо бадрааж, Монгол Улсын банк, санхүүгийн салбарт өөрсдийн өнгийг тодорхойлж эхэлсний 10 жилийн ойн өдөр тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бидэнтэй хамтдаа байж дэмжин ажиллаж ирсэн хувьцаа эзэмшигч, харилцагч нартаа ойн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийг баталж, Монгол улсад анхны хөгжлийн бодлогын банк үйл ажиллагаагаа 5 дугаар сарын 12-ны өдөр 16.7 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 9 ажилтантайгаар эхэлж байсан бол эдүгээ 1.0 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 3.4 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэй, 4.2 их наяд төгрөгийн нийт активтай, 114 ажилтантай банк болон өргөжжээ. 

Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгынхоо хүрээнд олон улсын банк, санхүүгийн зах зээлээс нийт 7.0 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг татан төвлөрүүлж, 5.06 их наяд төгрөгийн санхүүжилтийг харилцагч аж ахуйн нэгж байгууллагуудад олгосон байна.

Бидний дэмжин ажилласан төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын эдийн засаг, түүний дотор үйлдвэрлэлийн салбарт томоохон дэмжлэг болж байгаа. Тухайлбал; дэд бүтэц, эрчим хүчний дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбоагрегатын шинэчлэлийн төсөлд 71.2 сая евро, 9.7 сая ам.долларын санхүүжилт олгож хүчин чадлыг 212 МВт-аар өргөтгөсөн. Ингэснээр тус станцын ашиглалтын хугацааг 35 жилээр нэмэгдүүлж,  10 аймгийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангах хэмжээний эх үүсвэрийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон. Мөн Дулааны 3-р цахилгаан станцын хүчин чадал нэмэгдүүлэх төсөлд 35.0 сая ам.долларын санхүүжилт олгож хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлсэн. 

       Мөн Амгалан дулааны станцын төсөлд 75.9 сая ам.долларын баталгаа гаргаж, төслийн үр дүнд 300 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай станц болон 5*6000 м шугам, дулаан дамжуулах 7 төв, 110/10 КВт цахилгаан дамжуулах дэд станцыг бүтээн байгуулж Улаанбаатар хотын зүүн бүсийг дулаанаар хангаж байна.

Банкны нийт зээлийн багцын 42.7 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгосон  санхүүжилт эзэлж байна. Тухайлбал; “Хөх цавын цементийн үйлдвэр”, “Монцемент”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн шинэчлэл” төслүүдэд 124 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт олгосноор Монгол Улсын цементийн хэрэгцээг дотооддоо хангах боломжтой болсон зэрэг улсынхаа бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдийг амжилттай санхүүжүүлж байна.

Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт байрлах 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийн дэд бүтэц, оффисын болон ажилчдын орон сууцны барилгыг бид санхүүжүүлэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тус төсөл нь 2023 онд бүрэн ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй бөгөөд төсөл бүрэн хэрэгжсэнээр 750 гаруй ажлын байр шинээр бий болж, Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарч, тус бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчид очих үнэ буурах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих юм. Цаашид ч эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа эрчимтэй дэмжин ажиллах болно.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн ашиглалт болон зээлийн үйл ажиллагаанд алдаа, оноо аль аль нь байсан. Цаашид бид улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, нийгмийн чиг хандлага руу түлхүү чиглэх бодлогыг тодорхойлж, цаг үетэйгээ үйл ажиллагаагаа нийцүүлэн шаргуу ажиллах шаардлага бий болж байна.

Иймд Монгол Улсын Хөгжлийн банк ирэх он жилүүдэд бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн, түүндээ эрчим хүчний станцуудыг барих, хүчин чадлыг өргөтгөх төслүүд, газрын тосны хийн хоолойн бүтээн байгуулалтын төсөл, эко орон сууцны хөтөлбөр зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын бодлоготой уялдуулан санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Бидэнтэй нэгэн арваныг хамтдаа үдэж буй хувьцаа эзэмшигч, харилцагч болон баг хамт олондоо түүхт ойн мэндийг дахин дэвшүүлье.

       Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн биелэх болтугай.

       Монгол Улсын хөгжил, дэвшилд Хөгжлийн банк хамт байх болно.

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ  Н.МӨНХСҮХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626887
0 эможи

Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up