Хөгжлийн банк тогтвортой санхүүжилтийг банкны үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ)-даа хүрэхэд их хэмжээний санхүүжилт шаардлагатай. Цар тахлын улмаас энэ хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Монгол Улсын Хөгжлийн Банкны үйл ажиллагааг ТХЗ-уудтай уялдуулах нь санхүүжилтийн хэрэгцээг хангахад шаардлагатай системийн нэг чухал өөрчлөлт, үндэсний хөгжлийн зорилгууддаа хүрэхэд ихээхэн түлхэц үзүүлэх юм.
“НҮБ-ын ТХЗ хамтарсан сан”-гийн санхүүжилтээр Сангийн яамтай хамтран хэрэгжүүлж буй НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд, Хөгжлийн банк үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмыг нэвтрүүлэх чадавх бэхжүүлэх семинарыг өчигдөр зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд тогтвортой санхүүжилтийг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэх зөвлөмж, төлөвлөгөө боловсруулж, тогтвортой зээлийн үйл ажиллагааны журмын төсөл, журам хэрэгжүүлэх зааварчилгаа, эрсдэлийн үнэлгээний аргачлал зэргийг Хөгжлийн банктай хамтран боловсруулав. Энэ нь тогтвортой санхүүжилтийг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэх суурийг тавьж байгаа юм.
Хөгжлийн банк улс орны санхүүгийн системд онцгой үүрэг, байр суурь эзэлдэг тул зээлийн үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн шалгуур үзүүлэлтийг ашигласнаар ТХЗ-д хүрэхэд эерэгээр нөлөөлж, сөрөг нөлөөг бууруулах боломжтой юм. Энэ нь цаашдаа тус банкны хувьд хөрөнгө оруулагчдын хүрээг өргөжүүлэх, хөрөнгө татах боломжийг нэмэгдүүлэх, нэр хүндээ хадгалах зэрэг олон ач холбогдолтой юм.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх тус банк нь тогтвортой банк болж хөгжих, цаашид тогтвортой санхүүжилтийг үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх чиглэлд тууштай хамтран ажиллахаа дурдлаа.
“Хөгжлийн банкны үйл ажиллагааг ТХЗ-уудтай уялдуулах нь Монгол Улсын нийт санхүүжилтийн тогтолцоог тогтвортой санхүүжилт руу хандуулахад чухал үүрэгтэй. Ирэх жилүүдэд үндэсний тогтвортой хөгжлийн санхүүжилтийн стратегийг хэрэгжүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн зорилгуудадаа хүрэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ” хэмээн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич семинарын нээлтийн үеэр онцлов гэж НҮБ-аас мэдээлэв.