Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ой тохиож байна

2021 оны 5 сарын 01

Arslan.mn

Өдгөөгөөс 30 жилийн өмнө Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин орох цаг үетэй зэрэгцэн банкны салбарт томоохон өөрчлөлт өрнөсөн. 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын Бага хурлаас “Банкны хууль”-ийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөн гэж үздэг. Тус хуульд БНМАУ дахь банкны тогтолцоо нь БНМАУ-ын Төв банк болон арилжааны банкнаас бүрдэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, 1924-1991 оны хугацаанд санхүүгийн зуучлал, санхүүгийн системийн хөгжлийг Монголбанк дангаар тодорхойлж байсан бол 1991 оноос хойш банкны 2 шатлалт тогтолцоо үүсэж, эрчимтэй хөгжиж байна. 

Гэхдээ хууль эрх зүй, зохицуулалт, чиглэл нь бий болоогүй байхад 1990 оноос анхны арилжааны банкууд үүсэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж, зах зээлийн шилжилтийн үед бусад салбаруудын өөрчлөлтөд түлхэц үзүүлсэн онцлогтой. 

1994 оны байдлаар арилжааны 15 банк, эдгээр банкны 600 гаруй салбар, төв, орон нутагт байгуулагдаж, 5000 гаруй хүн ажиллаж байв. Харин өнгөрсөн 30 жилийн хугацаанд банкны салбарт өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд өнөөдөр улс орон даяар арилжааны 12 банк, банкуудын 1500 орчим салбар нэгж, 16 мянга гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж, банкны салбар нь Монгол Улсын эдийн засгийн томоохон салбар болж хувирчээ.

Өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдралыг банкгүйгээр төсөөлөх аргагүй болсон. Улсын хэмжээнд 3 хүн тутмын хоёр нь мобайл банкны идэвхтэй хэрэглэгч, гурван хүн тутмын нэг нь интернэт банкийг идэвхтэй ашиглаж байна гэсэн судалгаа бий. Цар тахлын улмаас хөл хорио тогтоосон энэ цаг үед ч банкуудын зогсолтгүй шинэчлэгдсээр ирсэн цахимжилтын үйл явцын ачаар иргэд цаг, хугацаа алдалгүй үйлчилгээ авч чадаж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд банкны салбар нь үйлчилгээ, технологийн чиглэлд анхдагч байж, олон улсын түвшинд хүрсэн. Харин ирээдүйн 30 жилд Монголын банкууд гадаад зах зээлд хүрээгээ тэлж, олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн салбар болон хөгжихийн эхлэл энэ цаг мөчид тохиож байна.

Банкны салбарын 16 мянга гаруй үе үеийн ажилтан, банкны нийт харилцагч, үйлчлүүлэгчдэдээ Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ойн мэнд дэвшүүлье!

2021 оны 5 дугаар сарын 1

Монголын Банкны Холбоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626294
0 эможи

keyboard_arrow_up