МОНГОЛБАНКНААС мэдэгдэл гаргалаа
Монголын залуучуудын холбооноос Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн чанаргүй зээлийн түүхтэй иргэдийн зээлийн мэдээллийг нэг удаа хэвийн ангилалд оруулах тухай ил захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ нарт newslife.mn болон buzznews.mn зэрэг цахим мэдээллийн хуудсаар дамжуулан 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлж, Төв банк болон түүний ажилтнуудын талаар илт худал мэдээллийг олон нийтэд тараасантай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Дээрх ил захидалд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд 2021 оны 3 дугаар сарын 04, 11, 18-ны өдрүүдэд тус тус хүргүүлсэн албан бичгүүдэд өнөөдрийг хүртэл холбогдох хариуг өгөөгүй, хүнд суртал гарган ард иргэдээ үл тоосон, Монголбанкны ажилтнууд 500,000-1,000,000.0 төгрөгийн хахууль авч иргэдийг Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн “сөрөг” мэдээллээс гаргадаг талаар дурджээ.
Монголбанк нь Монголын залуучуудын холбооноос ирүүлсэн албан бичгүүдийг тухай бүр хүлээн авч, албан ёсны тодорхой байр сууриа илэрхийлсэн хариуг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А-1а/265 тоот албан бичгээр хүргүүлж, хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулсан уулзалтыг зохион байгуулах, санал солилцох хүсэлтийг хүргүүлсэн боловч тус холбооны зүгээс хүлээн авахаас зайлсхийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бодит байдлыг зориуд мушгин гуйвуулж, хариуцлагагүй мэдэгдлүүдийг удаа дараа хийсээр байна.
Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, орлого нь тасалдсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх хүрээнд бусад төв банкуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг судалж, өөрийн орны онцлогт тохирсон бодлогын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар хариу өгсөн.
Монголбанкны зээлийн мэдээллийн үйл ажиллагаа хариуцсан ажилтнууд Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, зааврын хүрээнд банк, санхүүгийн салбарын мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, давхар болон дараалсан хяналттайгаар зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхэлж байна.
Цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Төв банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг Монголын залуучуудын холбооноос тарааж байгаад харамсаж байна.
Монголбанкны зүгээс Монголын залуучуудын холбоо нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худал мэдээлэл тарааж, Монголбанк, түүний ажилтнуудын ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа асуудлаар хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандсан болохыг үүгээр мэдэгдэж байна.
МОНГОЛБАНК