ИНФОГРАФИК: Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам нарын гишүүдээс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Хууль санаачлагч хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 98 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх, банкуудыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх бодлого баримтлах, хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалдаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан бөгөөд дээрх бодлогын баримт бичгүүдэд заасан хууль зүйн болон өнөөгийн банк, санхүүгийн салбарт тугамдаад байгаа практик шаардлагад үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өнөөдрийн байдлаар банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа банк 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилж банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулалтуудыг тусгаж өгсөн бөгөөд ингэснээр банкны сайн засаглалыг хөгжүүлж, хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулан, олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгохоос гадна банкны тогтолцоонд шударга өрсөлдөөнийг дэмжиж, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн банкны засаглалыг сайжруулах, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах үүднээс банкны хувьцаа эзэмших аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байхаар хуульд тусгалаа.
Дээр дурдсан өөрчлөлтүүдтэй холбогдуулан хуулийн зарим нэр томьёог тодорхой болгон тусгалаа. Тухайлбал: Банкны хувьцаа эзэмшлийн хувьд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч этгээд нь банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүн байхаар, мөн системд нөлөө бүхий банкны тодорхойлолтыг боловсронгуй болгож олон улсын нийтлэг, сайн туршлагад тулгуурлан банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоон дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банк байхаар тусгав.
Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, банкны хувьцааг худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх болон аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад энэ хуульд заасан шалгуурыг үндэслэн Монголбанкинд мэдэгдэх, зөвшөөрөл авах журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батлах зохицуулалтыг тусгасан. Ингэснээр банк, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотой Монголбанк хуульд заасан шаардлагыг хангаагүй банк, хувьцаа эзэмшигчид Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг, 49 дүгээр зүйлд заасан нөхцөлт удирдлагын арга хэмжээг авах, мөн хязгаарлалт хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсгийг өөрийн хөрөнгөөс хасаж тооцох, хувьцаа эзэмшигчдийн хурлаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсэгт ногдол ашиг олгохгүй, албадан худалдахыг шаардах зэрэг арга хэмжээг авах зохицуулалтыг хуульд тусгасан.
Түүнчлэн Засгийн газраас үүсгэн байгуулсан банкыг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор банкны хэлбэрийг өөрчлөх арга хэмжээг хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газар авч хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгав.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар банкны сайн засаглал хөгжиж, хувьцаа эзэмшлийн хэт төвлөрөл буурснаар эрсдэл буурч, салбарын хяналт, шалгалтын бие даасан байдал хангагдаж, банкны тогтолцоонд шударга өрсөлдөөн бий болгох, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Мөн хөрөнгийн зах зээлийн хөгжилд эергээр нөлөөлөх ач холбогдолтой юм.
Улсын Их Хурлын Тамгын газар