Б.Содонбаатар: Төрийн банк ажлын байрыг дэмжих зээлийг олгож эхэлсэн
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаас сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд Төрийн бак хамтран ажиллаж, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгож эхэллээ. Зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Төрийн банк орон даяар байрлаж буй салбарууд болон цахимаар авч байгаа аж. Улмаар өчигдрөөс харилцагчдынхаа хүсэлтийг судалж зээл олгож эхэлсэн байна.
Гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай энэхүү зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгч иргэдэд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах зорилгоор олгохоос гадна өмнө нь ижил зорилгоор авсан зээлийг нь дахин санхүүжүүлнэ. Аж ахуйн нэгжид олгох зээлийн дээд хэмжээ 500 сая, иргэнд олох зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг юм.
Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрын захирал Б.Содонбаатараас олгож эхэлсэн зээлийн үйлчилгээнийх нь талаар тодруулахад “Төрийн банкны хувьд тус зээлд хамрагдах хүсэлтэй ААН-ийн хүсэлтийг бүх салбар нэгжүүдээрээ болон цахимаар 2021 оны хоёрдугаар сарын 23-наас авч эхэлсэн. Хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 10-ны хооронд 1606 зээлдэгчийн 337.6 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн. Бид ирсэн хүсэлтүүдийг дарааллын дагуу судалж, хурдан шуурхай олгох тал дээр анхааран ажиллаж байна. Өчигдрөөс зээлүүд гарч эхэлсэн. Өнөөдрийн хувьд аймаг орон нутгаас маш их хүсэлт ирсэн. Тухайлбал, Дундговь аймгийн нэг харилцагч өчигдөр зээлээ авсан.
Банкны зүгээс зээлийг ажлын тав хоногийн дотор зээлийг түргэн шуурхай шийдэхээр ажиллаж байгаа. Мөн тухайн зээлдэгчийн материал бүрдэлт хангалттай, бүрэн байвал саадгүй түргэн шийдвэрлэх зорилготой.
Зээлийн тавигдах шаардлагын тухайд:
- Сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх
- НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл НӨАТ-аас чөлөөлөгдсөн байх
- Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх
- Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагууд байгаа" гэсэн юм.
Ийнхүү цар тахлаас үүссэн эдийн засгийн хүндрэлээ даван туулахаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд зээл авч эхэлжээ. Төрийн бакнаас зээл авсан “Экомүүн” компанийн захирал Д.Гантөмөр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Тэрээр “Цар тахлын хүндрэлтэй үед Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжээд нэн хөнгөлөлттэй зээл олгож байгаад баяртай байна. Энэ зээлд хамрагдсанаар манай компани ажлын байраа 15-аар нэмэгдүүлэх боломжтой боллоо. Шуурхай үйлчилж зээлийг минь хурдан хугацаанд олгосон Төрийн банкны хамт олонд баярлалаа” гэв.
Эх сурвалж: eagle.mn
|