Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2021 онд 700 тэрбум төгрөгт хүргэнэ
Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа хамгаалах 10 их наяд төгрөгийн хөтөлбөр болон эдийн засгийн статистик үзүүлэлтийн талаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанкны зүгээс тус хөтөлбөрт дэмжиж оролцоно. Тэр утгаараа төлөвлөгөөг боловсруулахад хамт ажилласан. 2020 он хорио цээрийн үед ажилласан жил болж өнгөрсөн тул 2021 онд тусгайлсан хөтөлбөр гаргаж байж эдийн засгаа зөв сэргээх зайлшгүй шаардлага тулгарсан. Төсөв агшилттай болсон үед Төв банкны зүгээс төсөв мөнгөний бодлогоо уялдуулахаар ажиллаж байна.
10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд:
- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл,
- Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх 2 сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг,
- Эхний ээлжид Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг,
- Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
- Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.
Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өмнө нь жил бүр 300-400 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулдаг байсан. Энэ нь өмнөх зээлдэгч нарын эргүүлэн төлсөн зээлийн нийт эргэн төлөлт юм.
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2021 онд 700 тэрбум төгрөг болж, өсч байна.
Ажлын байрыг хадгалахад зориулж, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгоно. Төв банкны бодлогын хүү одоо 6 хувь байна. Үүнээс ч бага хүүтэй зээл олгоно." гэлээ.