Мөнгө хэвлэх, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хоёр нь тусдаа ойлголт
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэж өсгөх талаар яригдаж байгаа нь иргэд, олон нийтийн дунд шууд мөнгө хэвлэж нийлүүлэх нь гэсэн буруу ойлголтыг төрүүлээд байгаа аж.
Мөнгөний нийлүүлэлт буюу эдийн засагчид, санхүүчдийн ярьдгаар М2 мөнгө гэдэг нь гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө биш юм. Статистик харвал Төв банкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 991 тэрбум төгрөг байна. Харин мөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) 24.2 их наяд төгрөгт хүрээд байгаагийн шалтгаан бол мөнгөний нийлүүлэлт нь гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөнөөс гадна олон төрлийн мөнгөний үзүүлэлтүүдийн нийлбэрээр хэмжигддэгт оршиж байгаа.
Гүйлгээнд 991 тэрбум төгрөг гаргасан байлаа гэхэд үүний нэлээдгүй хэсэг нь хадгаламж болж банкинд очдог. Банк мөн түүний ихэнхийг зээл болгож гаргана. Зээл болж гарсан мөнгө зах зээл дээр эргэлдсээр эргэж банкны хадгаламж болж орж ирдэг. Энэ дамжлага давтагдсанаар 991 тэрбум төгрөг 24.2 их наяд төгрөг болж байна. Үүнийг мөнгөний үржүүлэгч гэдэг ба үүнд зээл, банканд байрших заавал байлгах нөөц чухал нөлөөтэй.
Угаас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө” богино хугацаанд хэрэгжихгүй. Одоо байгаа тооцооллоор 10 их наяд төгрөг нь өөр өөр механизмаар гурван жилийн хугацаатай олгогдоод явах юм байна.
Хэдийгээр одоо төгрөгийн заавал байлгах нөөц 6% болж доод түвшинд хүрээд байгаа ч банкууд зээл олгохгүй байна. Эдийн засаг хүндэрсэн үед зээл олгох нь эрсдэлтэй тул мөнгө зээл болж гарахгүй, мөнгөний нийлүүлэлт буурав
Мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн цусны эргэлт болдог. Эргэлтийг дэмжихийн тулд зээл олголтыг дэмжих замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгажээ. Гэхдээ мөнгөний нийлүүлэлтийг өсгөх буюу зээл олголтыг дэмжинэ гэдэг нь шууд мөнгө хэвлэх биш юм.
Банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг авч, эргэлтэд оруулж, эргүүлээд хүү төлдөг байгууллага. Тэд энэ хүнд үед эрсдэлээс зайлсхийж, Төв банкны үнэт цаас худалдаж авах эсвэл зөвхөн найдвартай харилцагчдадаа зээл олгох хандлагатай байна. Засгийн газрын төлөвлөгөө нь банкуудыг том аж ахуй нэгжээс гадна бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгоход түлхэх буюу ажлын байрыг хадгалах зорилттой байгаа юм.
Угаас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө” богино хугацаанд хэрэгжихгүй. Одоо байгаа тооцооллоор 10 их наяд төгрөг нь өөр өөр механизмаар гурван жилийн хугацаатай олгогдоод явах юм байна. Жишээлбэл Төв банкны үнэт цаасанд байршсан мөнгийг чөлөөлөх, зээлийн батлан даалтын сангийн баталгаатай зээл олгох, ипотекийн зээлийн санхүүжилтийг олгох гэх мэт зарчмаар явна. Тэгэхээр өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг бодвол илүү тогтвортой, инфляц, ханшийн дарамт бага байх нь.
Н.Баттүшиг