МОНГОЛБАНК: Ипотекийн зээл төлөлтийн хугацааг дахин сунгах эсэх нь тодорхойгүй байна
Монголбанкнаас өнөөдөр санхүүгийн тогтвортой байдлын талаар мэдээлэл хийлээ.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:
"Монголбанк, Сангийн яам, УИХ-аас баталсан хууль, холбогдох тогтоолын дагуу орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд олгосон зээлийн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гарсан.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийт ипотекийн 73,000 зээлдэгчээс 38,000 нь төлбөрийн хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргасан. Энэ хүрээнд нийт 2 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг зургаан сарын хугацаанд буюу аравдугаар сарын 31-н хүртэл хойшлуулсан. Үлдсэн зээлдэгчдийн хувьд хүүгийнх нь зөрүүг олгохоор болж байгаа.
Одоогоор бидний хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хугацаа дуусаагүй байгаа тул ипотекийн зээл төлөлтийн хугацааг дахин сунгах эсэх талаар хэлэх боломжгүй байна.
Аравдугаар сарын 31-н хүртэл эдийн засгийн нөхцөл байдал ямар байх вэ, зээлдэгчдийн хувьд ямар хүндрэлүүд гарах вэ гэдгийг харгалзаж байж дараагийн шийдвэрийг гаргана" хэмээн тайлбарлалаа.
Харин хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэрийн хүрээнд 2020 оны долдугаар сарын байдлаар 75,000 гаруй зээлдэгчийн 600 гаруй тэрбум төгрөгийн зээлийг хугацааг сунгасан гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нэмж хэлэв.